1975 оны 12 дугаар сарын 17-нд Украины Киев хотод орос жүжигчин эмэгтэй югослав эмч залуу хоёрын дундаас нэгэн охин төржээ. Охиныг таван настай байхад эцэг эх нь АНУ руу дүрвэн Сакраменто хотод суурьшсан байна. “Өөрөө эдэлж чадаагүй эрх чөлөөг надад олгох гэж миний ээж энэ алхмыг хийсэн” гэж бяцхан охин Мила Йовович хэмээх алдар нэрээ дэлхийд цуурайтуулсан жүжигчин болсон хойноо ярих болно.
Тухайн үед америкчуудын хувьд ЗХУ үзэл суртлын дайсан байсан агаад бяцхан орос охиныг америк хүүхдүүд ихэд гадуурхдаг байсан аж. Милаг гозгор коммунист гэж дууддаг байв. Зарим нь “”Хөөе, нэрээ хэлээдэх дээ. Хэн гэдэг билээ чамайг Вилли (эрэгтэй хүний нэр) ч бил үү, горилла ч бил үү гэж хөхрөлдөнө. Мөн Милагийн англиар аялгатай ярих нь гадуурхагдах бас нэг шалтгаан болдог байжээ. Милагийн ээж цагтаа ЗХУ-д алдартай жүжигчин байсан учир Америкт ирээд мэргэжлээрээ ажиллах гэж маш их явж хөөцөлдсөн авч бүтэлтэй зүйл болоогүй аж. Тиймээс тэрбээр бүх хүч чадал цагаа охиныгоо ямар нэгэн амжилтад хүргэхэд зориулах болжээ. Хамгийн түрүүнд Мила жүжигчний дугуйланд явах болов. Дараа нь төгөлдөр хуур, дараа нь бүжиг, гитар . . . гээд урлаг уран сайхны тал бүрийн мэдлэгийг авах болжээ. Удалгүй фото моделийн шалгаруулалтууд нэмэгдэв. Милагийн ээж нь охиноо хөтлөн Лос-Анжелесын бараг бүх фото агентлагуудаар явсан гэдэг. Ингээд алдарт зурагчин Ричард Аведон санаандгүй байдлаар Милагийн зургийг олж харснаар охин алдарт “Revlon” фирмийн шинэ нүүр царай болсон түүхтэй. Тэгэхэд Мила дөнгөж 12 настай байв. Харин Милагийн ээж охиноо жүжигчин болгоно гэсэн зорилгоо агуулсаар байлаа. Эхийн зүтгэл талаар өнгөрөөгүй бөгөөд 1988 онд Милад “Two moon junction” нэртэй кинонд тоглох боломж олдсон юм. Энэ бүтээлээрээ Мила үзэгч олны болон мэргэжилтнүүдийн анхаарлыг төдийлөн татаж чадаагүй ч “Return to blue lagoon” киноны гол дүрд тоглосныхоо дараа америк хүүхдүүдэд ад үзэгддэг байсан Мила охин үе тэнгийхныхаа атаархлыг төрүүлэх болсон байна.
1997 он хүртэл Мила голдуу загварын ажлаа дагнахын зэрэгцээ дуу зохиож эхэлжээ. Түүний “Тэнгэрлэг хошигнол” нэртэй анхны альбом олны таашаалд нийцсэн байдаг. Энэ амжилтдаа урамшсан Мила өөрийн гэсэн хамтлаг байгуулан Европоор аялан тоглолт хийх болсон юм. Рок попын ертөнцийн мөнхийн дагуул болох хар тамхитай Мила анх энэ л үед танилцжээ. Охиныгоо хаа л бол хаа дагаж явдаг байсан ээж нь Милаийн энэхүү аюултай зуршилд харьцангуй тайван хандсан гэдэг. Тэрбээр үглэж яншаад байлгүй хар тамхины ямар хор уршигтайг маш ойлгомжтой тодорхой нэг л удаа тайлбарлажээ. “Би чадах бүхнээ хийлээ харин сонголтоо чи өөрөө хийгээрэй. Харин тэр сонголт оройтдог юм шүү гэдгийг мартаж болохгүй” гэсний дагуу Мила сонголтоо хийн муу зуршлаа орхисон аж. “Миний ээж намайг их өөрийнхөөрөө хүмүүжүүлсэн. Тэр намайг хэзээ ч дураар минь байлгаж байгаагүй. Би яагаад гэдгийг би хожим Милан хотод явж байхдаа 13 настай охид гудамжинд биеэ үнэлэн амьдралаа залгуулж байхыг хараад ойлгосон. Намайг ангалын ирмэг дээгүүр явж байхад хажууд ээж минь байгаагүй бол би тэдэн шиг л болох байсан байх” гэж Мила ээжийнхээ тухай ярьсан байдаг.
“Return to blue lagoon” кино
1997 онд "Ggumaont" студид нэгэн томоохон уран бүтээлийн төсөл хэрэгжиж эхлээд байлаа. Уг төслийн нэрийг “Fifth element” гэх бөгөөд найруулагч продюссерээр нь алдарт найруулагч Люк Бессон ажиллаж байв. Зуун сая долларын төсөвтэй уг киноны шалгаруулалтад Мила орж азаа сорихоор шийджээ. Тэрбээр гол нь өвөрмөц гадаад төрхтэй байжээж догшин найруулагчийн хараанд өртөнө гэсэн ойлголттойгоор үсээ улбар шараар будуулан, Нью-Йоркийн солиотой загвар зохион бүтээгчдийн галзуурмаар загвартай хувцас өмсөн, 20 сантиметрийн зузаан ултай платформон гутал угласаар Бессоны өмнө гарч иржээ. Нөгөө талаас Мила өөр ертөнцөд амьдардаг бүсгүй чухамхүү ийм л гадаад төрхтэй байх учиртай гэж өөрийнхөө тоглох сонирхолтой байсан баатрыг дотроо дүрсэлсэн нь энэ байлаа. Харин найруулагч Милаг хараад гайхан мэгдэж орхижээ. Люк “Бурхан минь энэ чинь одоо юу вэ. Бас л нэг хоосон толгойтой загвар өмсөгч. Индианчууд шиг эрээн мяраан болтол нүүрээ будчихаад бас болоогүй гоёлын даашинз өмсчихсөн байгаа юм аа” гэж дотроо бодсон ч бүсгүйд “Ирсэнд баярлалаа. Таны дүр төрх бидэнд тохирохгүй юм байна” гэж ширүүхэн хэлжээ. Милаг толгойгоо гудайлган чимээгүйхэн гарсны дараа Люк туслахууддаа хандан “Уран бүтээлийг маань доромжилж байгаа юм шиг яахаараа ийм солиотой юмнуудыг оруулаад байгаа юм бэ” гэж хашхирсан гэдэг. Хоёр долоо хоногийн дараа “Chateau Marmont” зочид буудлын усан сангийн дэргэд нарлан сууж байсан Люк цэв цэнхэр нүдтэй лусын дагина гэмээр үзэсгэлэнтэй бүсгүйг уснаас гарч ирэхийг амаа ангайн харжээ. Тэрхүү үзэсгэлэнтэй бүсгүй ямар ч будаг шунх оо энгэсэг түрхээгүй Мила байх нь тэр. Бүсгүй эхэлж Люкийг танин хажууд нь очоод “Сайн уу. Би дүр авах гээд танд хөөгдөж гарсан бүсгүй байна” гэж инээмсэглэнэ хэлэхэд Милагийн гоо үзэсгэлэнд илбэдүүлсэн Люк “Та дүрээ авсан гэж тооц” гэж хариулсан гэдэг. Хэдхэн хоногийн дараа Мила “Fifth element” киноны зураг авалтдаа оржээ.
“Fifth element”
Шөнийн клуб, найз нөхдийн оронд бэлтгэлийн танхим сургуулилалтууд эхэлжээ. Найруулагч кинонд гарах бүх биеийн хүчний үзүүлбэрүүдийг Милаг өөрөөр нь хийлгэх сонирхолтой байв. “Бид Олимпд оролцох гэж байгаа тамирчид шиг л ажилласан” гэж Люк хэвлэлийнхэнд ярьсан байдаг. Тэрбээр Милагийн зөвхөн гоо үзэсгэлэнд автаад зогссонгүй мөн бүсгүйн авьяасыг шүтэн биширч байлаа. “Миний хамтран ажиллаж байсан жүжигчдээс Мила хамгийн авьяастай нь. Түүнд ганцхан дутагдал байдаг. Тэр нь Мила өөрийгөө ямар их авьяастайг үнэнээсээ гадарладаггүй” гэж Люк жүжигчин бүсгүйг тодорхойлсон байдаг. Тэдний харилцаа ганцхан уран бүтээлээр хязгаарлагдсангүй. Киноны зураг авалт дуусах үед найруулагч Милад гэрлэх санал тавьжээ. Харин үзэсгэлэнт бүсгүй татгалзсан хариу өгсөн гэдэг. “Люк надад анхнаасаа л таалагдсан. Гэхдээ гэр бүлийн асуудалд их нухацтай хандах хэрэгтэй учир яараад хэрэггүй гэж би эхэндээ бодсон” хэмээн Мила татгалзсан талаараа тайлбарласан байдаг. Гэрлэх саналыг хүлээж аваагүй талаараа Мила ээждээ хэлээд банга хүртжээ. “Одоо оройтсоон” гэж Мила гунигтай хариулсан ч хэдэн сарын дараа Люк тэр хоёр дахин учирчээ. Энэ удаа тэд мөн л санаандгүй тааралдсан байв. Мила яриагаа шууд л “гэрлэх тухай санал чинь хүчинтэй хэвээр үү?” гэсэн асуултаар эхлэхэд Люк эхэндээ өөрийгөө буруу сонслоо хэмээн бодсон аж. Милаг “Хуримаа хаана хийхээ шууд тохирчихъё. Гэрт ээ юу? Гадаа юу?” гэж үргэлжлүүлэхэд л Люк буруу сонсоогүй гэдгээ ойлгожээ. Тэд хуримаа Лас-Вегаст хийв. Хуримын олон сюрпризын нэг нь хосууд онгоцноос шүхрээр буусан явдал байв. “Би чамаас 17 насаар ах. Гэхдээ би чиний дэргэд өөрийгөө яг л жаахан баньд шиг л мэдрэх юм. Чамайг хүсвэл би чамд ертөнцийг бэлэглэе. Харин чи дандаа миний дэргэд байгаарай. Чи надад салхи мэт, нар мэт, агаар мэт хэрэгтэй ” гэж догшин найруулагч сүйт эхнэртээ хурим дээрээ хэлжээ. Дөрвөн жил Мила найруулагчийн онгод шүтээн нь, гол баатар нь, дагина нь болж явжээ. Харин Люк бүсгүйн хамгийн итгэлтэй түшиг тулгуур нь болсон байна. Люк амалснараа Милад хүссэн болгоныг нь өгч байв. Зөвхөн хуримын бэлэг болох Норманд дахь шилтгээн гэхэд л бүхэл бүтэн хөрөнгө болох байв. Милад ганцхан зүйл л дутагдаж байсан нь үр хүүхэд байлаа. “ Хүүхэд гаргах цаг нь биш, “жингэнэх бяцхан юмны” (Люк хүүхдийг ингэж хэлжээ) төлөө жүжигчний ажлаа золиослуулагүйд чи надад дараа нь баярлах болно” гэж Люк үргэлж тулгадаг байв. Байнгын мөнгө нэр алдрын төлөө галзуурмаар уралдаанаас Йовович яваандаа залхаж эхэлжээ. Түүнд амьдрал нь нэг л хэвийн уйтгартай бас утгагүй санагдах болов.
Люк Бессоны хамт
Милагийн энэ сэтгэл зүйн байдлыг “Жанна д Арк” хэмээх Бессоны дараагийн уран бүтээл өөрчилжээ. Жанна д’Аркийн дүрд тоглохын тулд Мила маш их бэрхшээлийг туулсан аж. Багаасаа загвар өмсөгчийн явдлаар алхаад сурчихсан эхнэрийнхээ алхааг өрчлөхийн тулд Люк бүтэн сар Милагийн хоёр хөлд тав таван килограммын жинтэй туухуу уяж орхисон гэдэг. Хүнд төмөр хуягтай морь унан сэлмээр байлдаж сурах эмэмгтэй бүү хэл эрэгтэй жүжигчдэд ч амаргүй зүйлийг Мила маш их эрч хүчтэйгээр давжээ. “Жанна д’Аркийн дүрд тоглосон жүжигчдэд хараал хүрдэг” (энэ дүрд тоглосон ихэнх жүжигчид галзуулсан эсвэл амиа хорлосон байдаг) гэсэн яриаг та дуулсан уу?” гэсэн сэтгүүлчдийн асуултад Мила “Би тэдний хувь заяаг хувалцахаасаа огт айхгүй байна. Жаннад тоглох нь миний нандин мөрөөдлүүдийн нэг байсан. Харин би мөрөөдлөө биелүүлж сурсан хүн” гэж хариулжээ. Уг киноны ажил маш хүндрэлтэй явагдсан гэдэг. Зураг авалтын дундуур Люк “Шанель” фирмийн шинэ танилцуулгыг хийж өгөөч гэсэн саналыг хүлээж аван Канад руу нисжээ. Жинхэнэ франц эр гэсэндээ Люк загварын бизнесын шинэ залуу төлөөлөгч Эстелла Уоррен гэгч хорь гаруй насны царайлаг канад бүсгүйн өөрт нь үзүүлээд байсан анхаарлыг цааш нь түлхэж чадаагүй байна. Энэ тухай мэдээ Милагийн чихэнд хүрсэн байлаа. Бүсгүй тэр даруй ээж рүүгээ явах гэснээ ямар ч байсан Люкийн ирэхийг хүлээхэр шийджээ. Люк эхнэрээ яаж аргалсныг хэн ч мэдэхгүй. Эстелла Уоррены талаар Мила ч Люк ч хэзээ ч нэг ч үг унагаагүй. Эхнэр нөхөр хоёр ямар ч байсан киногоо дуусгах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд тэр үед хүрсэн бололтой. Дээрх уран бүтээлээ дуусгасны дараа Мила нөхөртөө “Би ээж болмоор байна” гэсэн бараг болзол шахууны зүйл хэлжээ. “Энэ тухай цаг нь болоогүй гэсэн шийдвэрийг чи өөрөө гаргаа биз дээ хайрт минь” гэсэн хариулт Милаг цохиод авах шиг болсон байна. “Бид хамтдаа байх хугацаа дууссан бололтой” гэж Милаг хэлэхэд Бессон “Чиний зөв ч байж магадгүй” хэмээжээ. Мила маргааш нь л ойр зуурын хувцсаа хумьж аваад яваад өгчээ. Өөрийн гэсэн байр олтлоо Мила хэдэн сар зочид буудалд амьдарсан гэдэг. Тэрбээр найзыгаа нөхрийнхөө гэрээс үлдсэн хувцсаа авчрахыг гуйсан аж. Мила хуучин нөхөртэйгөө ахиж уулзалдах ямар ч хүсэлгүй болсон байлаа. Тэрбээр Люкээс юу ч, тэр байтугай хуримынхаа бэлэг Норманд дахь шилтгээнээ ч аваагүй гэдэг.
“Resident Evil”
2007 оны 11 дүгээр сард Лос-Анжелес хотын Cedars-Sinai эмнэлэгт орос жүжигчин эмэгтэй англи найруулагч эрийн дундаас нэгэн охин төржээ. “Одоо би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай эмэгтэй боллоо. Ээж болохын төлөө би энэ хэдэн жил явсан юм. Харин уран бүтээлийнхээ төлөө би санаа зовохгүй байна. Би эмэгтэй хүнийхээ хувьд, хувь хүнийхээ хувьд, жүжигчнийхээ хувьд өөртөө бүрэн итгэлтэй байна. Би ирээдүйд олон зүйлийг хийнэ. Харж байгаарай” гэж бяцхан охины ээж Мила Йовович хэвлэлээр дамжуулан бусадтай жаргалаа хуваалцсан юм. Мила одоо гурван охины жаргалтай ээж бас жаргалтай эхнэр. Мөн урьдын адил эрэлт хэрэгцээтэй жүжигчин.
нөхөр Дол Андерсонтой