“Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт шинэ нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтуудыг Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр танилцууллаа.
Энэ үеэр нийтийн тээвэрт туршилтаар явуулах цахилгаан автобусын талаар мэдээллээ.
Тэрбээр "Цахилгаан тээврийн хэрэгсэл нь дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 50 хувь зардал хэмнэдэг онцлогтой. Энэхүү цахилгаан автобус нь -50+ 50 градуст ажиллах ажиллах чадвартай. Баттерей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн 15-20 минутанд бүрэн цэнэгээ авдаг давуу талтай.
Түүнчлэн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зааланд хоёр галын хортой, тэжээлийн хэсэгтээ гал гарсан тохиолдолд жолооч товч дарж шууд унтраах автомат тохируулгатай галын хортой. Мөн хяналтын системийн хайрцагтай, хаалга хаагдаагүй тохиолдолд автобус хөдөлдөггүй.
Парк шинэчлэлийг ямар автобусаар хийх нь тодорхойгүй ч дэлхий нийтэд байгаль орчинд ээлтэй автобусын хэрэгцээ, шаардлага их байгаа учраас бид цахилгаан автобусыг туршиж байна. Энэ 10 автобусыг оны өмнө нийслэлээс гэрээ хийж оруулж ирсэн. Бид гурван сарын хугацаанд Монголын нөхцөлд таарч байгаа эсэхийг турших ёстой.
Үйлдвэрлэгч компани батерейд нь гэхэд л 30 жилийн баталгаа өгч байгаа бөгөөд автобусны баталгаат хугацааг найман жилээр өгнө гэсэн яриа бий. Ямартай ч энэ автобус Монголын нөхцөлд таарах эсэхийг нарийн судлахаар ажлын хэсэг ажиллаж байна. Дүгнэлт гарах хараахан болоогүй учраас санхүүжилтын асуудал тодорхой биш. Туршилтаар явуулж үзээд Монголын нөхцөлд таарахгүй бол буцаагаад хүргэнэ гэсэн нөхцөлтэй" гэв.
Энэхүү автобус нь зургаан минут цэнэглээд 180 км явах боломжтой. Мөн зөвхөн Таван шар-Офицеруудын ордон чиглэлд явах бөгөөд "U money" төрбөрийн систем суулгачихвал маргаашнаас ч явах боломжтой гэдгийг Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр нээлтийн үеэр онцоллоо.
Нийт 36 хүний суудалтай уг автобус нь 90 хүний багтаамжтай, 12 метр урт, өндөр нь 3.2 метр, өргөн нь 2.5 метр. Цонх нь хоёр давхар шилтэй вакум учир өвлийн улиралд цантахгүй бөгөөд зааландаа 8 халаагууртай, хяналтын 5 камертай, зориулалтын гэрэлт самбартай аж.