Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжтой боллоо.
1. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020 оноос хэрэгжиж эхэлсэн.
“МАЛЧИН” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог буюу малын “А” данс бүхий иргэнийг, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж татварын албанд бүртгэлтэй хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах татварын төрлөөс аль нэгийг нь төлсөн иргэнийг ойлгоно. Түүнчлэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хүсэлт гаргах үед 15-60 настай Монгол Улсын иргэн байна. Шимтгэл нөхөн төлөх хугацаанд иргэний суралцсан хугацаа, хорих ял эдэлсэн хугацаа, өндөр насны тэтгэвэр авсан хугацаа хамаарахгүй. Шимтгэлийг хуулийг дагаж мөрдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42000 төгрөгөөр тооцно. Уг хуулийн үйлчлэлд 88.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдах юм. Энэ онд 34.8 мянган иргэн шинээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тооцоо гарчээ.
2. Хоёр сараас нийт иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ
Нийгмийн даатгалын сан болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр авч буй нийт иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд энэ онд 150.6 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ 8 орчим хувиар нэмэгдэх юм.
3. Зарим иргэний тэтгэврийн 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ
Дараах болзол, нөхцөлийг хангасан иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ. Үүнд:
Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
Нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй.
Уг хуулийн үйлчлэлд дээр дурдсан 4 хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 21.2 мянган иргэн хамрагдах бөгөөд 2020 онд 12,7 тэрбум төгрөг зарцуулна.
4. Тэтгэврийг дараалсан 7 жилийн дундаж цалингаас тогтооно
Тэтгэврийг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотроос дурын дараалсан 5 жилийн дундаж цалингаас тогтоож байсныг 7 жилийн дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн.
5. Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор нэг жил 6 сар нэмж тооцно
Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно. Тус хууль нь энэ сарын 1 болон түүнээс хойш шинээр тэтгэвэр тогтоолгох эхчүүд хамаарна. Хүүхдийн тоогоор нэмж тооцох нэг жил 6 сарын хугацаа нь зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаанд хамаарах ба хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд, малчнаар, мэргэжлийн урлагийн байгуулагад ажилласан, цэргийн алба хаасан зэрэг тусгай нөхцөлд хамаарахгүй.
6. Хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхийн шимтгэл төлөлт тасрахгүй байх нөхцөл бүрдлээ
Хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараах байдлаар төлөхөөр зохицуулсан. Үүнд:
– Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг ажил олгогчоос;
– Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас;
– Бусад эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс хариуцан төлнө.
Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлөх ба хуулийн үйлчлэлд хүүхэд нь 3 нас хүрээгүй нийт эхчүүд хамаарна.
7. Сайн дурын даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 100 хувиар тооцож олгоно
Сайн дураар даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлсөн 12 сарын орлогын дунджаас 100 хувиар тооцон олгож эхэллээ. Өмнө нь 70 хувиар тооцдог байсан аж.
8. Албан журмын даатгуулагч эх хүүхэд төрүүлэх бүртээ тэтгэмж авна
Ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Өмнө нь 2 удаа л олгодог байсан юм.
9. Сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн доод хэмжээ 56700 болсон
2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон шимтгэлээ төлдөг сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээ 56 700 төгрөг боллоо. Харин үүнээс дээш дүнгээс шимтгэлээ төлдөг даатгуулагчийн төлөх дүнд өөрчлөлт орохгүй ба сайн дурын даатгалын шимтгэлийн хувь хэмжээ ижил байна.
10. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр зарим төрлийн тэтгвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэнэ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гурав ба түүнээс дээш гишүүнд тогтоох тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээ 420 000 төгрөг боллоо. Мөн ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь буюу нэг өдрийн тэтгэмжийн доод хэмжээ 14 858 төгрөгөөс багагүй болж өөрчлөгдсөн.
11. Дараа сарын шимтгэлээ төлснөөр сайн дурын даатгалын гэрээ сунгагдана
Сайн дурын даатгуулагчийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд дараагийн сард багтаан шимтгэлээ төлж, уг шимтгэл даатгалын санд орсон бол анх гэрээ байгуулсан хугацааг нэг удаа сунгасанд тооцно. Ингэснээр заавал хэлтэст биеэр ирэх шаардлагагүй болж, сайн дурын даатгуулагчдад чирэгдэлгүй боллоо.