Хятадын эрх баригчид зургаан сарын турш эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байгаа Хонконг дахь нөхцөл байдлыг хянах, зохицуулах зориулалттай хямралын төв байгууллаа. Reuters агентлагийн өөрийн эх сурвалжийг дурдан мэдээлснээс үзвэл тус удирдлагын төв Шэньжин хотод байрлажээ. Хонконг дахь Төв Ардын засгийн газрын төлөөллийн газрын тэргүүн Ван Жиминийг тус бүс нутгийн хямралыг шийдвэрлэхэд авч буй арга хэмжээнд Бээжин сэтгэл дундуур байгаа тул түүнийг солих асуудлыг ярьж байгаа аж. “Төлөөллийн газар Бээжингийн бодлогыг баримтлагч дээд давхарга болон баячуудтай л харьцан жирийн ард иргэдээс өөрсдийгөө тусгаарласан байна. Үүнийг засах хэрэгтэй гэж” эх сурвалж ярьжээ. Бүс нутгийн шинжээчдийн үзэж байгаагаар Хонконг дахь нөхцөл байдлын цаашдын чиг хандлаг болон эрх баригчдын урт удаан хугацаанд үргэлжилсэн хямралыг шийдвэрлэж чадахгүй байгаа явдалд Бээжин улам түгшсээр байгаа аж. Ялангуяа өнгөрсөн ням гарагт /2019.11.24/ болсон Хонконгийн орон нутгийн сонгуулийн үр дүн Их газрын эрх баригчдын бухимдлыг ихээхэн төрүүлжээ. Уг сонгуулиар Хонконгийн 18 дүүргийн 17-д сөрөг хүчнийхэн үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Хэдий эл үр дүн Хонконгийн улс төрийн тогтолцоог бүхэлд нь өөрчилж чадахгүй ч эсэргүүцлийн хөдөлгөөн ба ардчилсан шинэчлэлийг ард түмэн хэр зэрэг дэмжиж байгааг харуулсан юм.