Малайзад цахим сүлжээгээр залилан хийж байсан 680 хятад иргэн баригдсан тухай Малайзын цагаачлалын алба мэдэгджээ. Баривчлах ажиллагааг Малайзын Тагнуулын алба Цагдаагийн газартай хамтран явуулжээ. Цагдаа нар сэжигтэн этгүүдийн бүгэж байсан байр руу үүрээр дайран орох үеэр хэдэн хүн шархадсан байна. Нийт 603 эрэгтэй, 77 эмэгтэй хүн баригдсан бөгөөд тэдний залилан мэхэлэх ажиллагаа явуулсан хэргийг мөрдөж эхлээд байгаа аж. Тэдний байрлаж байсан газраас 8230 ширхэг гар утас, 174 зөөврийн компьютер, 787 суурин компьютер олдсон байна. Эл гэмт бүлэг Малайзад 6 сар үйл ажиллагаагаа явуулж байсан хийгээд WeChat үйлчилгээ, Хятад дахь банкуудаар дамжуулан хохирогчдын мөнгийг залилдаг байжээ.