Тэдний аймшигт үйлдлүүд харгис хэрцгийгээрээ нийгмийг цочроон, хүн ёсны төдийгүй, гэмт хэргийн ертөнцийн өөрийн гэсэн хуулийн заагийг хүртэл зөрчдөг. Тэдний гэмт хэргийн сэдэл бол ердөө л таашаал. Тэрхүү таашаалын үнэ цэнэ хүний амь. Тэд өөрсдийгөө хүн төрөлхтний хамгийн адгийн шаар гэдгээ ойлгодог ч хүн алах аймшигт хүслээсээ хэзээ ч татгалздаггүй. Тэдний нэг нь л гэхэд хэдэн сая хүн амтай хотыг ч айдаст авахуулж чаддаг. Тэд өөрийн гэсэн арга барилтай, бас өөрийн гэсэн аймшгийн түүхтэй. Тэд бол маньякууд. Новокузнецк хот ОХУ-ын Сибирь бүс нутгийн томоохон хотуудын нэг. Нэг сая хүн амтай энэ хот огт гэмт хэрэг гардаггүй амгалан хот гэвэл эндүүрэл болно. Гэхдээ 1996 онд гарсан цуврал аллага хамгийн аймшигтай гэмт хэрэг гэдгээрээ энэ хотын түүхэнд бичигдсэн аж. Зуны эхэн сар гарч, сургууль цэцэрлэгүүд амарсан үе байлаа. Байгаль хамгаалах газрын нэгэн ажилтан хотын баруун захаар урсдаг Аба голыг шалгаж яваад нэгэн аймшигтай зүйл олжээ. Нэг биш хэд хэдэн хүүхдийн тастаж мөчилсөн гар, хөлийг гол руу хаясан байв. Нэг хоногийн дараа дахин хоёр хүүхдийн мөчилсөн цогцос олдлоо. Нийт зургаан охин, гурван хүүгийн цогцос байсан бөгөөд тэднийг гадаа биш хаа нэгтээ байшин дотор мөчлөөд, дараа нь гол руу хаяж гэсэн эхний дүгнэлтийг шинжээчид гаргав. Хохирогчийн ихэнх нь эмзэг гэр бүлийн хүүхдүүд аж. Он гарсаар Новокузнецк хотод 130 гаруй хүүхэд гэрээсээ дайжсан байв. Тэд эцэг эхийн зодуур, архидалтыг тэвчилгүй зугтжээ. Эрлийн баг юуны түрүүнд бүртгэлтэй байдаг сэтгэцийн өвчтэй, бэлгийн гаж чиглэлтэй хүмүүсийг анхааралдаа авч судалжээ. Гэтэл аймшигт олдвор олдсоноос ердөө хоёр долоо хоногийн дараа 14 настай Лена Сахарова, 15 настай Оля Никитина гэдэг хоёр охин алга болов. Охид хаашаа алга болсон байх вэ? Тэднийг хамгийн сүүлд хотын төвд автобусны буудал дээр байхыг харсан байдаг. Өмнөх хохирогчдын олсон газар болоод хоёр охины хамгийн сүүлд үзэгдсэн газрыг мөрдөгчид судлаад гэмт хэрэгтэн хувийн унаатай байж болно гэсэн хувилбар гаргалаа. Замын цагдаагийн газарт хувийн тэргэндээ хүүхэд суулгаж яваа бүх жолооч нарыг шалгах даалгавар өгөв. Арав гаруй хүнийг саатуулан шалгаж, хараандаа авлаа. Хотын бүх дискотек, клуб, тэр байтугай хар тамхичдын цуглардаг газруудыг хүртэл сайтар шалгав. Хоёр охиныг харсан хүн олдсонгүй. Хүүхдүүдийг барьцаалсан байж болно гэсэн өөр нэгэн хувилбарыг эрлийн баг гаргав. Хотод хэд хэдэн Кавказ үндэстэн бүлэглэл байдаг аж. Жижиг сажиг зөрчил дээр баригдсан кавказчууд өөрсдийгөө алга болсон хүүхдүүдтэй ямар ч холбогдолгүй гэж зүтгэжээ. Тэр тусмаа зэрлэгээр хөнөөх явдал тэдний зүгээс хэзээ ч гарахгүй зүйл гэв. Хэрэв хүүхдүүдийг барьцаалаагүй бол илрэхэд хамгийн хэцүү нэг хувилбар үлдээд байлаа. Энэ бол эрхтний наймаа. Хамгийн нууцлагдмал, илэрц багатай энэ гэмт хэрэг өөрийн гэсэн сүлжээтэй, схемтэй бөгөөд салбар болгоноос цэвдэг сэтгэлтэй, шуналтай, өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүд оролцсон байдаг аж. Новокузнецк хот төдийгүй мужийн бүх эмнэлэг, эрүүл мэндийн төв, анагаах ухааны сургуулиудыг нууц хяналтад авч, мэс заслын бүх эмч нарын хувийн хэргийг судалж эхлэв. Дотоодын бөгөөд олон улсын нислэгийн ачаа тээшийг ч нарийн шалгах болов. Ямар ч эд мөрийн баримт гарч ирсэнгүй. Алуурчны талаар хохирогчдын цогцсыг нарийн, нягт мөчилж чаддаг гэхээс өөр ямар ч мэдээлэл мөрдөгчдөд байсангүй. Новокузнецк болон хөрш зэргэлдээ хот тосгодын ангийн нийгэмлэгийн гишүүдийг ч судлав. Нэмэр болсонгүй тав дахь хувилбар буг чөтгөрт итгэгчдийн зан үйлд өртсөн байж болох гэдэгт оршино. Мужийн хэмжээнд анхаарал татахуйц 4-5 бүлэглэл байдаг аж. Гэвч шалгалт судалгаа бас л юунд ч хүрсэнгүй. Энэ өргөн хүрээтэй эрэл хайгуулын үеэр гэрээсээ дайжиж алга болсон хүүхдүүдийн ихэнх нь олдсон нэг сайн тал байлаа. Гэвч мөчилж алуулсан есөн хүүхэд, алга болсон хоёр охины хувь заяа мэдэгдэхгүй хэвээр. Дээрх есөн хүүхэд бүгд нэг дүүргийнх, нэг хорооллынх төдийгүй нэг сургуульд сурдаг, нэг өдөр алга болсон байв. Тэднийг баригдаж буй барилгын талбай дээр байхыг хамгийн сүүлд нэг хүү харснаас өөр гэрч байхгүй байлаа. Гаж донтонуууд хэзээ нэгэн цагт алдаа гарган, баригддаг гэж найдах л үлдээд байв. Тэд цусанд шунах тусам болгоомж сэрэмжээ алддаг. Гэтэл зэргэлдээ Тольятти хотоос “Долдугаар сарын 20-нд хуучин цэргийн ангийн бункерээс зургаан настай охины цогцос олдлоо” гэсэн яаралтай мэдээ ирлээ. Эрлийн багийн ахлагч Тольятти хот руу яаравчлав. Зургаан настай бяцхан охиныг зэрлэгээр хүчиндэн, эцэст нь боож алсан байв. Харин энэ удаа гэрч олджээ. Охиныг тоглоомын талбай дээр нэгэн эрэгтэй хүнтэй яриад зогсож байхыг хүн харсан аж. Сэжигтэн эрийн хар зургийг гаргахад өмнө нь ял эдэлж байсан 30 настай Олег Рылов гэгч мөн болохыг тогтоолоо. Тэрбээр хүчингийн хэрэгт сэжиглэгдэн зургаан сар эрэн сурвалжлагдаж байгаа этгээд байв. Түүнийг барих гэж нэлээд юм болсон юм. Тольятти хотын төв зах дээр нэгэн эр хуурамч мөнгөн дэвсгэртээр наймаа хийх гэж байгаад эргүүлийн цагдаа нарт баригджээ. Биед нь бичиг баримт байхгүй байсан ч өөрийгөө Николай Ященко гэж танилцуулаад, амьдардаг хаягаа ч хэлж. Хуурамч дэвсгэртийн талаар тэр “өөрөө ч мэдэхгүй байна” гэж тайлбарлав. Ингээд зөвшөөрөлгүйгээр хотоос явахгүй гэсэн амлалтад гарын үсэг зуруулан түүнийг тавьж явуулсан байна. Харин гурав хоногийн дараа Ященкогийн гэрийн хаягаар зарлан явуулсны дагуу цагдаагийн газар огт танихгүй өөр хүн ирж мөрдөгчдийг мэл гайхшрүүлсан аж. Тэрбээр Николай Ященко мөн байсан бөгөөд бичиг баримтаа ч үзүүлэв. Цагдаагийн ажилтнууд өөрийнх нь нэрийг барьсан этгээдийн гадаад төрхийг хэлтэл Ященко “Тэр чинь манай найз Рылов байна шүү дээ” гэж уулга алджээ. Найз нь Новокузнецк явах гэж байсан талаар ч Ященко хэлсэн байна. Тэгэхээр Новокузнецкийн алуурчин өөр хотоос ирсэн гийчин байх нь ээ. Тэр даруй Новокузнецк хот даяар Рыловын зургийг тараан наав. Гэтэл Тольятти хотоос “Рыльковыг барьлаа гэсэн” утас иржээ. Гэмт этгээд хотоосоо хаашаа ч яваагүй аж. Тэрбээр ээлжит хүчингийн хэргээ хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Олег Рыльков гэмт хэргийнхээ талаар байцаалт өгч эхэллээ. Тэрбээр айлуудын хаалга тогшин, ганц бие эмэгтэй, хүүхдүүд байвал ус өгөөч, түргэн тумламж дуудаад өгөөч гэж худал хэлж ороод, бузар үйлдлээ хийсний дараа хохирогчдыг алж, мөнгө төгрөг, эд хогшлыг нь хулгайлаад явдаг байжээ. Гэхдээ гэмт этгээд Новокузнецкийн тухай ерөөсөө ярихгүй байлаа. Байцаалт эд явж байх үеэр Новокузнецк хотоос гурван өсвөр насны охид алга болж нэгнийг нь тастсан толгой олдсон тухай мэдээ ирэх нь тэр. Гурван охин Рылковыг баригдсанаас хойш алга болсон аж. Новокузнецк хотын хүүхдүүдийг өөр этгээд ангуучилж байгаа нь тодорхой болов. Гурван охин хамтдаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Нэг өдөр тэд томчуулд хэлэлгүйгээр бүжгэнд орохоор эмнэлгээсээ оргосон байна. Эмнэлгийн хоолонд өвчтөнүүд огт цаддаггүй байсан болохоор мөрдөгчид ойр хавийн дэлгүүр үйлчилгээний төвүүдийг шалгахаар шийджээ. Тэд зөв тооцоолж. Ойролцоох хүнсний дэлгүүрийн худалдагч гурван охины зургийг хараад таньсан аж. Охидууд дэлгүүрээс ус худалдаж авахдаа хоорондоо чанга, чанга ярьж байсан, мөн нэг хижээл насны эмэгтэй ирж тэднээс тусламж хүсэхэд охидууд дагаад явсан тухай худалдагч тодорхой ярьжээ. Хүүхэд алдаг эмэгтэй цуврал алуурчин гэмт хэргийн түүхэнд гараагүй тул мөрдөгчид хүний наймаа гэсэн таамаг дэвшүүлээд байлаа. Харин тастсан толгойн хувьд бусдыг нь айлгах зорилгоор үйлдсэн байж болох юм. Ингээд эмээгийн гадаад төрхийн хар зургийг гарган дүүргүүдэд тараасан байна. Гаргасан хар зургаас нэгэн хэсгийн төлөөлөгч Пионерын гудамжны 52-р байрны 357 тоот хаалганд суудаг Людмила Списивцева гэдэг эмээгийн дүр төрхийг олж харжээ. Түүний талаар хөршүүд нь үргэлж ус алддаг, байнга хөгжим чангаар тавьж төвөг уддаг гэж хэл ам таталдаг тул хэсгийн төлөөлөгч сайн санж байв. Цагдаагийн бүрэлдэхүүн Спесивцевын гэрт очиход хүн байсангүй. Людмила Спесивцева 26 настай Александр гэдэг хүүтэйгээ хамт амьдардаг боловч, хүү нь одоогоор Орлов хотын сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөрдөн байцаагчид хэсгийн төлөөлөгчийг Списевцевыхаар байнга эргэлдэж байхыг тушаагаад буцав. Ердөө маргааш нь гэхэд Пионерын гудамжин дахь 357 тоот айлын талаар орон сууцны контороос гомдол ирэв. Намар болж халаалтын бэлтгэл ажил явагдаж, айл болгонд шалгалт хийж байхад 357 тоот айлын хүн хаалгаа тайлж өгөхгүй байгаа тул хаалгыг хүчээр онгойлгох арга хэмжээ авч өгөх хүсэлтийг тавьжээ. Гэрийн эзэн хаалганы цаанаас “Би хаалга тайлж чадахгүй. Би сэтгэл мэдрэлийн өвтэй тул ээж гаднаас цоожлоод явсан” гээд байж. Энэ мэдээ эрлийн багийнханд тэр даруй хүрэв. Мөрдөгчид Орел хотын сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү яаралтай холбоо барьж Александр Спесивцевын талаар тодруултал түүнийг хоёр жилийн өмнө гарсан гэж эмч нар хариулах нь тэр. Эрлийн баг Пионерын гудамжны 52-р байр руу яаралтай хөдөөллөө. Энэ үеэр хэсгийн төлөөлөгч орон сууцны конторын слесарьтай Свесивцевын гэрийн хаалгыг эвдэж байв. Хаалга нээгдэнгүүт ялзарч өмхийрсөн үнэр хамар өөд цоргих аж. Унтлагын өрөөний паарнаас хүлээстэй, амьтай голтой нүцгэн охиноос өөр хүн гэрт байсангүй. Хэсгийн төлөөлөгч гэр доторхийг тойруулж хараад, угаалгын өрөө рүү шагайснаа арагшаа лаг хийтэл бөгсөөрөө суун тусав. Усанд ордог онгоцонд гар хөлийг нь тайрчихсан хүний цээж хэвтэж байв. Паарнаас хүлээстэй хөөрхий охины гар нь хугарч, хамаг бие нь хөх няц болж, хэвлийдээ хутганы шархтай байлаа. Тэрбээр алга болсон гурван охины нэг аж. Охины анхны мэдүүлэг “Эмээ хаалганы цоож гацчихлаа гээд биднээс тусламж гуйсан. Тэгээд гэр рүүгээ дагуулаад явсан" гэжээ. Тэгэхээр эмээ гурван охиныг анх 357 тоотод дагуулж орсон байх нь. Людмила Спесивцеваг маргааш нь саатуулжээ. Хүү Александр нь хаалга эвдэж байх үеэр цонхоор зугтаж амжсан байлаа. Гэсэн ч өлсөж, даарч, арчаагаа алдсан түүнийг дөрөв дэх хоног дээр байрных нь гаднаас баривчлав. Гэрээс гардаггүй, ээжийнхээ гарыг хараад сурчихсан 26 настэй эр биеэ дааж амьдрах чадваргүй аж. 1991 онд Александр Списевцевын Женя гэдэг бүсгүйтэй танилцан, болздог байжээ. Тэдний харилцаа хэдэн сар л үргэлжилсэн байдаг. Александрыг гэрлэх санал тавихад, бүсгүйн совин татсан уу “энэ талаар ярихад эрт байна” гэсэн хариу өгчээ. Зөв хариу өгснөө Женя удалгүй ойлгосон байна. Александр түүнийг шалихгүй юмнаас болж зоджээ. Үерхэл үүгээр дуусаж байгаа талаар Женяг хэлэхэд Спесивцев түүнийг гэртээ бүтэн сар хорьж, элдэв янзаар тамласаар аминд нь хүрсэн байна. Шүүх эмнэлгийн албан ёсны дүгнэлтээр бүсгүйг тураалаас, мөн цусанд халдвар орсноос болж нас барсан гэж заасан байдаг. Бүсгүйн бие тэр чигээрээ идээт шарханд баригдсан байсан тул үхлийн жинхэнэ шалтгааныг тогтоож чадаагүй ч байж болох. Харин Спесивцевыг сэтгэцийн өвчтэй тул сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж үзсэн аж. Гурван жилийн дараа эмч нарын комисс Спесивцевыг эдгэсэн гэж үзээд эмнэлгээс гаргасан байна. Тэрбээр Пионерын гудамжин дахь гэртээ эргэж ирээд, хөгжмөө улам чанга тавих болжээ. Золгүй Женяг гэртээ хорин, яргалж байхдаа Спесивцев түүний хашхирах чимээг дарахын тулд хөгжмөө хамгийн чанга дээр тавьдаг байжээ. Хөгжмийн нүргэлэх чимээний цаанаас үе үе эмэгтэй хүний аймшигтайгаар хашхирах нь сонсогддог байсан талаар хожим хөршүүд нь ярьсан байдаг. Манай гэрт л болоогүй бол, манай хүүхдийг л зодоогүй бол гэсэн хүмүүсийн хайхрамжгүй сэтгэл арваад хүүхдийн аминд хүрчээ. Спесивцев сэтгэл мэдрэлийн эмнэлгээс томоос том үзэн ядалт тээсээр гарч иржээ. Эмнэлэгт түүнийг хэрхэн дарамталж, дээрэлхэж байсан нь түүний эрүүл бус сэтгэцэд улам муугаар нөлөөлсөн бололтой. Үүний хажуугаар түүнийг бэлэг эрхтнийх нь үрэвсэл зовоож байв. Хэдэн жилийн өмнө нэгэн мэдэмхий нөхрөөр бэлэг эрхтнийхээ арьсан доогуур тугалган үрэл суулгасан нь ийнхүү өвчинд хүргэжээ. Тэрбээр галт тэрэгний буудал орж, тэндхийн архичид, траншейныханд хямдхан архи авч өгөн, яриа дэлгэх дуртай байж. Архинд баярласан тэд солиотой эрийн яриаг их л анхааралтай сонсох нь Александрт таалагддаг байв. Тэнд л Спесивцев Лена Тругодаатай танилцаж гэртээ урьсан байна. Харамсалтай нь бүсгүй 357 тоот хаалганаас буцаж гараагүй аж. Сарын дараа өөр нэг эмэгтэй алуурчны занганд орж, амь насаа алджээ. Гэмт хэрэгтний ярьснаар бол тэдгээр эмэгтэйчүүдтэй сэкс хийх гэсэн ч эрэмдэг бэлэг эрхтэн нь болж өгөөгүйд уураа золгүй бүсгүйчүүдэд гаргасан аж. Удалгүй алуурчин насанд хүрээгүй хүүхдүүдийг сонирхох болов. Анхны олзоо удаан ч хайсангүй. Баригдаж буй барилгын дэргэд хэдэн хүүхэд тоглож байхад нь явж очоод, тамхиар дайлан, итгэлийг нь олж авсан байна. Тэгээд явж нэг мөнгөтэй айлын гэрийг ухъя гэсэн санал тавихад хүүхдүүд дагаад явсан аж. Алуурчны гэрт ороод хүүхдүүдийн зарим нь хэрэг бишдсэнийг гадарлаад хашхирч эхэлсэн байна. Спесивцев 8- 13 насны есөн хүүхдийг нүд ирмэхийн зуур цээжин тус газар нь нэг нэг хутгалаад алж орхисон аж. Тэгээд үүднийхээ өрөөнд овоолоод дээрээс нь бүтээлгээр бүтээн дөрөв хоноход хүн байтугай амьтан тэсэхийн аргагүй үнэр гарч эхэлжээ. Александр ээжийгээ цогцсуудыг гаргаж хаяхыг тушаахад Людмила Спесивцева номхон хүлцэнгүй дүрд орон, цогцсуудыг гаргаж эхэлсэн аж. Тэгэхдээ болгоомж, сэрэмжтэй байхаа мартсангүй. 60 гаран настай эмээ есөн хүүхдийн цогцсыг бүгдийг нь жижиглэж мөчлөөд хоёр хувингаар шөнө дөлөөр зөөж, ойролцоох гол руу хаяжээ. Ингэж эх хүү хоёрын аймшигт конвейр ажиллаж эхэлсэн байна. Лена, Оля хоёр охин алга болох үед алуурчны гаж дон улам хүндэрсэн байлаа. Тэрбээр хохирогчдынхоо махаар хооллодог болоод байж. Харин хоолыг нь хайртай ээж нь бэлдэж өгнө. Байцаалт дээр Людмила Спесивцева тэр бүхэнд хамаагүй, цогцсуудыг мөчлөөгүй, махаар нь хоол хийж идээгүй гэж мэлзэж байсан ч гэрчийн мэдүүлэг өөрийг өгүүлэх аж. Алга болсон гурван охины амьд үлдсэн нэг Вера “Эхлээд Настяг шууд алсан. Түүнийг азтай гэж Нина бид хоёр ярьж байсан. Яагаад гэвэл тэр тамлуулж зовоогүй. Александр Нина бид хоёрын Настягийн цогцсын мөчөл гэж тушаахад бид үгэнд нь ороогүйд биднийг хутгаар сийчсэн. Харин эмээ Настягийн махаар банш хийгээд бидэнд өгсөн ч Нина бид хоёр идээгүй. Тэдний нохой нь Настягийн ясыг мэрж байсан” гэж барагтай хүн зүгээр сонсож чадахааргүй зүйл мэдүүлсэн байдаг. Энэ бол хөөрхий охины хамгийн сүүлд өгсөн мэдүүлэг байв. Долоо хоногийн дараа Вера охин шархаа даалгүй нас барсан юм. Гаж донтон Александр Спесивцев нийт хорин хүний аминд хүрснээ хүлээжээ. Гэхдээ энэ тоо хориор тогтох уу. Тэдний гэрт нэгжлэг хийхэд эмэгтэй хүний 40 гаруй ээмэг, цус болсон 82 хос хувцас олдсоноос 3-4 настай хүүхдийн алгын чинээ гутал ч гарч ирсэн байдаг. 357 тоод айлын аймшиг түүх эртнээс эхтэй аж. Бүр 25 жилийн тэртээгээс. Дөнгөж ашиглалтад орсон байрны хөршүүд хоорондоо танилцахыг хүсэж яарч байхад Спесивцевыхан хэнтэй ч дуугардаггүй зожиг айл байжээ. Охин хүү хоёртой ганц бие Людмила Спесивцева өөрийгөө азгүй хүн гэж насаараа бодож ирж. Түүний ганц баяр баясгалан, амьдралын утга учир нь хүү Александр нь байв. Хүү багадаа өвчин ороосон сул хүүхэд байсан тул 12 нас хүртлээ эхийнхээ өвөрт унтсан гэдэг. Эхийгээ дуриасан зожиг, ааш муутай Александр сургуульд ороод ч найз нөхөдтэй болоогүй аж. Түүний бүгдийг үзэн ядах сэтгэл эхээс нь ч улбаатай байж болох. Людмила хүүгээсээ илүү эрүүл чийрэг, чадалтай хүүхдүүдийг үзэн яддаг байж. Тэр сэтгэлээ хүүгээсээ ч нуудаггүй байв. Тэр үед Людмила дүүргийн шүүхэд өмгөөлөгчийн туслахаар ажилладаг байжээ. Тэрбээр гэртээ янз бүрийн гэмт хэргийн хавтас хэргийг, ялангуяа хохирогчдын, эрэмдэг болсон цогцсуудын зургийг авчирч үзэх дуртай байв. Чингэхдээ ганцаараа биш хүүтэйгээ хамт үздэг байж. Тэдгээр зургуудыг хараад хүүд нэг л тийм сонин мэдрэмж төрдөг байсан талаар алуурчин дурссан байдаг. Яагаад хүү нь гэрийн томоотой хүүхдээс ийм аймаар мангас болж хувирсныг ойлгохгүй байгаагаа Людмила Спесивцева халаглан ярьсан нь тэнэг ч гэмээр. Хүү маань хүн алахгүй удахаараа бие нь муудаад үхэх гээд байдаг, хүүгээ л гэсээр нэг мэдэхэд хам хэрэгтэн болсноо хожуу ойлгосон гэх ч хүүтэй нь нүүрэлдүүлэн байцаахад нэг нэгэн рүүгээ хийсэн үйлдлээ чихэх нь эхийн хайр яав ч биш гэмээр. Шүүх Людмила Спесивцевад 15 жилийн чанга дэглэмтэй шоронд хорих ял оноожээ. Харин түүний хүү Новокузнецкийн хүүлэгчийг хэргээ хүлээх чадваргүй гэж үзэн, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт албадан эмчлүүлэхээр явуулжээ. 2009 онд суллагдсан Людмила хүүгээ эмнэлгээс гаргаж авахаар хөөцөлдсөөр байгаа аж.