Колумбд Пүрэв гарагт /2019.11.21/ эхэлсэн бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдалд шилжсэн тухай “РИА Новости” агентлаг мэдээлэв. “Жагсаалд нийт 207 мянган хүн оролцсон. Жагсаал ерөнхийдөө тайван хэлбэрээр явагдлаа” гэж Колумбын Дотоод хэргийн сайд Нэнси Гутеррезийн мэдэгджээ. Харин түүний мэдэгдэл тус улсын Үндэсний цагдаагийн газрын дарга Оскар Атертуагийн мэдээлэлтэй зөрчилдөг байгаа аж. "Олон нийтийн дэг журмыг алдагдуулсан хэргээр 22 хүн саатуулагдаж ... 28 цагдаа шархдав" гэж Атертуа хэлсэн байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр жагсаал Картаген, Меделлин, Кали хотодуудад дууссан боловч нийслэл болон бусад хэд хэдэн хотод үргэлжилж байгаа аж. Тухайлбал Богота хотод жагсагчид конгресс болон хотын захиргааны байранд халдаж, хотын төвд хуягт машин, усан их буутай эргүүл гарсан ч эсэргүүцэгчид тарахгүй байгаа аж. Кали хотод өчигдөр оройноос комендантын цаг тогтоожээ. Энэхүү эсэргүүцлийг анх оюутан, багш нарын жагсаал болно гэж байсан ч улс төрийн сөрөг хүчнийхэн энэ өдрийг бүх нийтийн ажил хаялт болгон зохион байгуулжээ. Иргэд гэмт хэрэгтэй тэмцэхэд засгийн газрын идэвхгүй байдал, эдийн засгийн зогсонги байдлыг эсэргүүцэн жагсжээ. Колумбын эрх баригчид жагсаалыг хөрш зэргэлдээ орнуудын адил хүний амь хохирч, эдийн засгийн ноцтой хохирол учруулах эмх замбараагүй байдал руу шилжихээс эмээж буй аж. Жагсаал эхлэхээс өмнө Колумбын Засгийн газар далайн болон хуурай газрын хилийг хааж, иргэдийг биедээ зэвсэг авч явахыг хориглож, согтууруулах ундаа зарахыг хориглож, шаардлагатай тохиолдолд онц байдал зарлах зэрэг яаралтай арга хэмжээ авчээ.