Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин энэ сарын 25-26 өдрүүдэд Пусан хотод болох ASEAN-ий (Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо) дээд хэмжээний уулзалтад Ким Жон Уныг урьсан аж. Өчигдөр Пхеньянаас тус урилгыг хүлээж авах боломжгүй тухай хариу мэдэгдсэн тухай Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг KCNA уламжлав. “Хоёр удирдагчийн Панмунжом, Пхеньян, Бэкдү ууланд уулзах үеэр өгсөн амлалтууд өнөөдрийг хүртэл огт биелээгүй байна. Ийм нөхцөл байдалд хоёр орны удирдагчид дахин уулзах шаардлагагүй гэж үзэж байна” гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. Үүнээс гадна хоёр Солонгосын харилцааг сайжруулахын төлөө гаргаж буй Мүүн Жэ Иний хүчин чармайлтыг Умард Солонгосын удирдагч ойлгож байгааг дурдсан байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ойрын хугацаанд Ким Жон Унтай уулзаж ярилцах хүсэлтэй байгаагаа Твиттер хуудсандаа илэрхийлсэн юм. Харин Даваа гарагт /2019.11.18/ Пхеньянаас гаргасан мэдэгдэлд “Бид зөвхөн АНУ-ын ерөнхийлөгчийн нэр төрийг өсгөхийн тулд уулзах шаардлагагүй” гээд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад ахиц дэвшил гарахгүй байгаад Вашингтоны эрх баригчдыг буруутгасан аж.