Ирэх ням гарагт /2019.11.24/ Хонконгт дүүргийн зөвлөлийн сонгууль болох гэж байна. Үүнтэй холбогдуулан мягмар гарагт /2019.11.19/ Хонконгийн засаг захиргааны тэргүүн Керри Лам аюулгүй орчинд шударга сонгууль явуулахын тулд жагсагчдыг хүчирхийлэл, эмх замбараагүй байдлаа зогсоож, нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулахаа болихыг уриалжээ. Үүний зэрэгцээ тэрбээр сөрөг хүчний зүгээс зохион байгуулж буй айлган сүрдүүлэг, хүчирхийллийн кампанит ажлыг зогсооход анхаарлаа хандуулсан байна. Политехникийн их сургуулийн хотхонд жагсагчид болон цагдаа нарын хооронд гарсан мөргөлдөөн одоог хүртэл үргэлжилж байна. Хэдий ихэнх жагсагчид хотхоныг орхисон ч 100 орчим хүн бүгсээр байгаа аж. Өөр олон их сургуулиудын байранд залуучууд хэд хэдээрээ нуугдаж байгаа гэх мэдээлэл байгаа бөгөөд тэд цагдаа нарыг үл тоож, тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа юм. Политехникийн хотхонд болсон мөргөлдөөний үеэр цагдаа нар 1000 гаруй жагсагчийг саатуулан баривчилсан аж.