Швед улсад "WikiLeaks" сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн эсрэг үдүүлсэн хүчингийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг зогсоосон тухай прокурор Эва-Мари Персон мэдэгджээ. “Өнгөрсөн зун, намрын турш үргэлжилсэн нэмэлт мөрдөн байцаалтын явцад ашигласан аман мэдүүлгүүд нь хангалттай үнэмшилтэй байгаагүй нь тодорхой болов. Энэ нь хэрэг явдал болсноос хойш урт хугацаа өнгөрсөнтэй холбоотой. Байгалийн жамаар хүний ой санамж бүдгэрдэг”гэж тэрбээр тодруулсан байна. Мөн тэрбээр Ассанжийг байцаах бодолгүй байгаагаа хэлсэн бөгөөд прокурорын үзэж буйгаар Ассанжийн мэдүүлэг болсон явдлыг бүрэн ил болгож чадахгүй аж. "WikiLeaks" сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Афганистан, Ирак дахь АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр болсон хууль бус үйлдлүүдийг илчилсэн материалуудыг дэлгэн нийтэлж, Кубийн Гуантанамо арал дээрх Америкийн шорон дахь нөхцөлийг ил болгосноороо алдаршсан билээ. Тэрбээр 2012 оноос эхлэн Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож байсан бөгөөд Швед болон АНУ-ын эрх баригчдын шаардлагаар мөн 2012 онд шүүхийн зарлан дагуу ирээгүй шалтгаанаар олгосон саатуулах тушаалыг үндэслэн энэ оны 4-р сард баривчилсан юм. 5-р сард Лондонгийн шүүх түүнд батлан даалтын нөхцөлийг зөрчсөн хэргээр 11 сар хорих ял оноосон аж. Үүний дараа АНУ Ассанжийг тагнуулын үйл ажиллагаа явуулсан, нууц мэдээллийг задруулсан хэрэгт буруутгасан билээ. Одоо түүнд 175 жил хоригдох аюул тулгараад байгаагийн зэрэгцээ Лондонгийн шүүх Ассажийг АНУ-д шилжүүлэн өгөх шийдвэрийг авч хэлэлцэх болоод байна. 5-р сарын сүүлээр Ассанжыг Белмаршийн эмнэлгийн тасагт шилжүүлжээ. Түүний өмгөөлөгчийн хэлж байгаагаар сэтгүүлчийн бие маш маш дор орж, "түүнтэй хэвийн ярилцах ч боломжгүй" байжээ. Даваа гарагт Лондонгийн шүүх WikiLeaks сайтыг үндэслэгчийг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээж харин АНУ-д шилжүүлэн өгөх тухай техникийн хэлэлцүүлгийг ирэх 12-р сарын 13, 19-нд явуулах болжээ.