"The New York Times" сонин Хятадын эрх баригчдын Шинжаан Уйгарын өөртөө засах орны лалын шашинт үндэстний цөөнхийн талаар баримталж байгаа бодлогыг ил болгон маш нууц зэрэглэлтэй 400 гаруй нүүр баримтыг хэвлэн нийтэлжээ. Эдгээр баримтыг Хятадын удирдлага дахь нэрээ нууцалсан албан тушаалтан тус сонины хүмүүст дамжуулан өгсөн байна. Эдгээр баримт маш олон зүйлийг тодруулж өгчээ. Тухайлбал, баримтад засан хүмүүжүүлэх төвүүдэд хоригдсон хүмүүсийн ар гэрт юу гэж хариулах талаарх албан тушаалтнуудад өгсөн заавар байжээ. Зааварын дагуу бол хоригдсон хүмүүсийн ар гэрт "танай гэр бүлийн хүн Засгийн газраас байгуулсан сургалтын төвд байгаа бөгөөд түүнээ орхин явах боломжгүй. Цаашид та нар хэрхэн биеэ зөв авч явахаас тэд нарын суллагдах эсэх нь хамаарна. Хэрэв тэр хүмүүс сургалтад сууж, бэлтгэлд хамрагдахгүй бол шашны хэнээрхлийн аюулыг хэзээ ч ойлгож чадахгүй" гэж хариулах ёстой аж. Мөн Хятадны коммунист намын Ерөнхий найрийн бичгийн дарга Ши Жиньпин болон Шижаан Уйгарын өөртөө засах орны намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нарын биечлэн өгсөн заавар, удирдамжууд ч тус баримтууд дотор байжээ. Баримтаас үзвэл 2014 онд болсон цуврал алан хядах халдлагын дараагаар Ши Жинпин Шинжаан Уйгар дахь намын албан тушаалтнуудаас "өршөөлийг үл мэдэх эрс хатуу арга хэмжээ" авахыг шаардсан байна. "Баривчлах ёстой бүгдийг даруй баривчил" гэж Чэн Цюанго тушааж байжээ. Өнгөрсөн есдүгээр сард Хятадад лалын шашны сүм, дуганыг нураах ажил эхлүүлсэн тухай мэдээ ирж байсан. Мөн 2018 оны наймдугаар сард НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах комиссоос Шинжаан Уйгарын өөртөө засах оронд сая гаруй лалын шашинт уйгар иргэдийг алан хядах ажиллагаанд уруу татагдахаас урьдчилан сэргийлэх нэрийдлээр хорьж, хятад хэл ба бичиг албан хүчээр зааж, Хятадын коммунист намын уриаг цээжлүүлж, эсэргүүцэл үзүүлбэл тамлаж байгаа тухай олон нийтэд зарласан байдаг. Энэ бүхнийг Бээжин үгүйсгэсээр ирсэн юм. ҮҮнээс гадна Ши Жинпин лалын шашныг коммунист арга барилаар бүрэн устгах саналыг зөвшөөрөөгүй нь дээрх баримтаас ил болсон байна.