АНУ Иордан голын Баруун эрэгт суурин барих Израилийн үйл ажиллагааны талаарх албан ёсны бодлогоо өөрчилж байгааг тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ. Энэ тухай Bloomberg мэдээлэв. "Хоёр талын хууль ёсны хэлэлцүүлгийг нарийвчлан судалсны дараа Израилийн иргэний суурьшлын сууринг бий болгох нь олон улсын хууль тогтоомжид харшлахгүй АНУ-ын засаг захиргаа үзлээ " гэж тэрбээр хэлсэн байна. АНУ зөрчилдөгч талуудын аль нэгийг дэмждэггүй байсан үед баримталж байсан Израилийн суурингийн талаарх байр суурийг Обамагийн засаг захиргаа зөрчсөн гэж төрийн нарийн бичиг дурджээ. Ингэхдээ тэрбээр АНУ Израилийн сууринг хүлээн зөвшөөрсөн нь Палестинтай залгаа хилийн статуст нөлөөлөхгүй гэдгийг онцолсон байна. Үүний зэрэгцээ Помпео олон жилийн турш үргэлжилж буй мөргөлдөөнийг зохицуулах мөч ойртож байгаа гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Түүний эл мэдэгдлийг Израилийн Гадаад хэргийн сайд Исраэл Катц сайшаан “Израилийг тууштай дэмжиж байгаад Трампын засаг захиргаанд талархаж байна” гэж тэр Твиттер хуудсандаа бичсэн байна. Үүний хариуд Палестины Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Набил Абу Рудейн Иорданы Баруун эрэг дээрх сууринтай холбоотой олон улсын хууль тогтоолыг цуцлах эрх Цагаан ордонд байхгүй гэж мэдэгдэв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн мэдэгдлийн дараа Европын Холбоо Иорданы баруун эрэг дээр Израилийн суурин барих явдлыг хууль бусны хэмээн үзэж байгаагаа дахин илэрхийлжээ. “Израилийн эзэлсэн Палестины нутаг дэвсгэр дээрх сууршилын тухай бодлогын талаар Европын Холбооны байр суурь тодорхой бөгөөд өөрчлөгдөөгүй. “Израилийн эл төлөвлөгөө нь олон улсын хууль эрх зүйг зөрчсөн бөгөөд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн 2334-р тогтоолоор батлагдсан "хоёр улсын зарчмын үндсэн дээрх мөргөлдөөнийг шийдвэрлэх боломж болон урт хугацааны энх тайван байдлыг тогтоох төлөвийг алдагдуулж байна" гэж ЕХ-ны Гадаад хэргийн сайд Федерики Могерини мэдэгджээ. 1967 онд зургаан өдөр үргэлжилсэн мөргөлдөөний үеэр Израилийн эзэлж авсан Иордан голын Баруун эрэг болон Зүүн Иерусалимд 140 сууринд 600 мянга орчим еврей амьдардаг байна. Эдгээр суурин олон улсын эрх зүйгээр хууль бус гэж тооцогддог боловч Израиль үүнийг эсэргүүцдэг билээ. Суурин барих төлөвлөгөө нь хагас зуун жилийн өмнө булаан эзэлсэн газар нутагтаа Еврей улсыг бэхжүүлэх бодлого гэж Палестины эрх баригчид үздэг бөгөөд Израиль, Палестины зөрчлийг тайван замаар шийдэхэд учирч буй гол саад тотгоруудын нэг юм.