Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичийн бие өнгөрсөн баасан гарагийн /2019.11.15/ орой гэнэт муудан эмнэлэгт хүргэгдсэн аж. Түүний бие “маш муудан Белградын цэргийн эмнэлэг зүйн академийн зүрх судасны тасагт яаралтай хэвтсэн” талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм. Тэгвэл өчигдөр Сербийн төрийн тэргүүн эмнэлгээс гарсан байна. Эмч нар түүнд ажлын ачааллаа багасган эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлага тавьжээ. Эл явдал сүүлийн гурван өдөр Сербийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв байлаа. Ерөнхийлөгч Вучичийг дэмжиж байгаагаа Сербийн бүх улс төрийн хүчний удирдагчид сонин сэтгүүл, сошиалаар илэрхийлсэн байна. Харин Сербийн төрийн тэргүүний бие муудсан явдалд Хорватууд баярласан бололтой. Alo сонин нийгмийн сүлжээн дэх Хорватуудын сэтгэгдлийг нийтэлсэн байна. “Вучичийн бие муудсан нь бидний хувьд сайн мэдээ байна”, “бид гашуудлын хар сарнайгаа бэлдэж байна”, “Хорватын дайсан ашгүй далд орох нь” гэсэн Хорватуудын сэтгэгдэл нийгмийн сүлжээгээр дүүрчээ. Өдгөө 49 настай Вучич Сербийн Ерөнхийлөгчөөр 2017 онд сонгогдон ажиллаж байгаа юм.