Сүүлийн өдрүүдэд Хонконгийн жагсагчид болон цагдаа нарыг хоорондох мөргөлдөөн улам ширүүсжээ. Эсэргүүцэгчид тактикаа өөрчилж, олон тооны жагсаал цуглааны оронд зам, хонгил, гүүрнүүдийг хаах болсон байна. Мөн тэд их сургуулиудын хотхоныг эзэлсэн аж. Ням гарагийн өглөө мөргөлдөөний үеэр Техникийн Их сургуулийн байранд хүчтэй гал түймэр гарчээ. Цагдаа нар жагсагчдыг тарахыг шаардаж байсан хэдий ч эсэргүүцэгчид шаардлагыг хүлээн аваагүй байна. Хэдэн өдөр үргэлжилсэн мөргөлдөөний дараа хууль сахиулах байгууллагынхан ням гарагийн өглөө орон нутгийн цагаар 05.30 цагт их сургуулийн хотхон руу дарайн орж хэдэн арван оюутнуудыг баривчилсан аж. Үүний хариуд эсэргүүцэгчид шатамхай шингэнтэй лонх шидэж эхэлснээр гал гарчээ. Одоогийн байдлаар хохирсон хүн байгаа эсэх нь тодорхойгүй байна. Өмнө нь цагдаагийн газрын мэдээлснээр засгийн газрын эсрэг хэт даврагч үзэлтэй жагсагчид Техникийн их сургуулийн хотхоныг метроны буудалтай холбодог гүүрийг шатаасан мөн олон дэлбэрэлтийн чимээ сонсогдсон аж. Үүнээс гадна Хонконгт замын хөдөлгөөн хэдэн өдрийн турш саатаад байгаа юм. Сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт зургадугаар сарын эхэн үеэс хойш үргэлжилж байгаа билээ. Хонконгийн эрх баригчид буулт хийж, 10 дугаар сарын эхээр уг хуулийн төслийг бүрмөсөн эргүүлэн татсан боловч сөрөг хүчнийг дэмжигч залуус засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг үргэлжлүүлсээр байгаа юм.
Эсэргүүцэгчид их сургуулийн хотхоныг метроны буудалтай холбосон гүүрийг шатаажээ