Өчигдөр /2019.11.17/ Беларусийн парламентын (Үндэсний хурлын төлөөлөгчдийн танхим ) сонгууль болов. Сонгуульд 110 тойргоос 500 гаруй нэр дэвшигч уралджээ. Беларусийн парламент 110 суудалтай бөгөөд 1 тойргоос нэг мандатаар мажоритар системээр сонгогддог аж. Сонгууль нэг шатаар явагдах бөгөөд нэр дэвшигч ялахын тулд энгийнээр олонхын санал авахад л болно. Нийт сонгогчдын ирц 77,22% хувьтай байсан талаар Беларусийн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгджээ. Энэ удаагийн парламентын сонгуульд олон улсын 1030 ажиглагчид итгэмжлэгдсэн нь тус улсын хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд рекорд болжээ. Ажиглагчдийн дүгнэж буйгаар сонгууль зохион байгуулалт сайтай, ямар нэгэн том зөрчилгүй өнгөрчээ. Сонгуулийн дүн одоогоор гараагүй байна.