Арваннэгдүгээр сар бол олон улсад илжгэн чихийн ургацын үе аж. Тиймээс эл жимсний ашиг тус, сөрөг талыг судлаачид зөвлөж байна.
Халуун бүсийн мөнх ногоон, 500 хүртэл насалдаг ебенасе модны үр жимс болох илжгэн чихийн латин нэршил нь diospyros. Грекээр бурхны хоол гэсэн утгатай үг аж. Эл жимсийг хятадууд анх тариалжээ. Илжгэн чих фруктозоор баялаг учраас өлсөх мэдрэмжийг дардаг. Чихрийн шижинтэй хүмүүс татгалзахад гэмгүй. Натри, кали, магни, кальци, төмөр, цайр зэрэг эрдэс, олон төрлийн аминдэм, йодоор баялаг учраас цус багадалтын үед чухал эм. Хэдийгээр ийм мундаг үйлчилгээтэй ч нойр булчирхай, бөөрний өвчний үед хэрэглэхийг хориглодог гэнэ. Эл жимс алимныхаас хоёр дахин их ислэгтэй учраас гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд онцгой тустай. Болсон илжгэн чих ходоод, гэдэс, элэг, нүдний эрүүл мэндэд сайн ч гэлээ гүйцэд боловсроогүй үед нь идвэл эсрэг үйлчилгээтэй. Чацаргана, чангааз, хулуу зэрэг шар өнгөтэй жимс, ногоотой адил бета-каротины агууламж өндөртэй, антиоксидант аж. Бие махбодыг эсийн түвшинд эрүүлжүүлэх “шидтэй” учраас арьсны эрүүл мэндэд гойд хэрэгтэй, мөн хорт хавдрын үед хэрэглэж болдог байна. Энэхүү “чамин” жимс боловсрох явцдаа таннин хэмээх бодисоор баялаг болдог бөгөөд энэ нь шархлаат үрэвсэл намдаах, цус алдалт, судасны ханын бэхжилтэд сайнаар нөлөөлдөг, бактерийн эсрэг үйлчилгээтэй, биеэс давс, хорт бодисыг гадагшлуулдаг аж.
Жимс хэт боловсорсны дараа эл шидэт бодис нь ууршиж үгүй болдог гэнэ. Хэрэв эл жимсэн дээр хар, хүрэн толбо тогтсон бол муудаж эхэлсний дохио бөгөөд татгалзах хэрэгтэй. Хөргөгчид олон хоног хадгалахад амархан мууддаг учраас шууд хөлдөөх нь аюулгүй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөжээ. Хөлдөөсөн тохиолдолд хагас жил хүртэл ашигт бодисуудаа хадгалдаг байна.