Палестины “Лалын жихад” болон Израилийн арми сүүлийн 2 өдрийн турш зогсолтгүй пуужингийн харилцан цохилт хийлээ. Эл эгзэгтэй нөхцөл байдал өнгөрсөн мягмар гарагийн өглөө Израилийн агаарын хүчний бөмбөгдөлтөд "Лалын жихад" бүлэглэлийн толгойлогч Баха Абу аль-Ата амь үрэгдсэнээс болж эхэлжээ. Өнгөрсөн хоёр хоногийн дотор Газын зурвасаас Израилийн зүг нийт 400 гаруй пуужин харвасан ч ихэнх нь зэлүүд хээр газрыг онож хүний амь эрстээгүй байна. Израилийн довтолгоонд тус бүлэглэлийн арав гаруй онц чухал байрлалууд устахын зэрэгцээ 36 хүн амь үрэгдэж 111 хүн шархдаад байгаа аж. Газын зурвасын нөхцөл байдлыг намжааж талуудыг гал түр зогсоох тохиролцоонд хүрэх зорилгоор Ойрх Дорнодын асуудлыг хариуцсан НҮБ-ын тусгай зохицуулагч Николай Младенов, Палестины “Лалын Жихад” бүлэглэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Зияд аль-Нахал нар Египетийн нийслэл хотод иржээ. Тэдний зүтгэл үр дүнд хүрч өнөөдөр өглөө /2019.11.14/ орон нутгийн цагаар 05:30-д талууд галаа түр зогсоожээ.