Туркийн Ерөнхийлөгч Эрдоган АНУ-ын Ерөнхийлөгч Трампын урилгаар Лхагва гарагт /2019.11.13/ Вашингтонд хүрэлцэх иржээ. Тэр өдөртөө Трамп Туркийн төрийн тэргүүнийг цагаан ордондоо хүлэээ авч уулзсан байна. Ерөнхийлөгч нарын нүүр нүүрээ харсан ганцаарчилсан уулзалт 1 цаг 15 минут үргэлжилсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна. Үүний дараа албаны бусад хүмүүсийн оролцуулсан өргөн хүрээтэй уулзалт болжээ. Уулзалтад АНУ-ын талаас Сенатын таван гишүүн, төрийн нарийн бичиг Майк Помпео болон Худалдааны сайд Уилбур Росс нар байлцсан аж. Энэ удаагийн хэлэлцээ нь Сирийн хойд хэсэгт явуулж буй Туркийн цэргийнхний ажиллагаанаас болж хоёр орны харилцаа хүндэрсэн нөхцөлд болж байгаагаараа онцлог юм. Уулзалтаар хоёр орны тэргүүн нар олон сэдвээр ярилцсаны дотроос Оросоос авсан С-400 болон АНУ-аас авах ёстой F-35 онгоцны асуудал, Сирийн хойд хэсэг дэх нөхцөл байдал мөн хоёр улсын худалдааны эргэлтийг 100 тэрбум долларт хүргэх асуудал онцлох байр эзэлжээ. Уулзалтын дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлаар хоёр тал уулзалтыг үр дүнтэй боллоо гэж дүгнэжээ. Уулзалтын үеэр нэг сонирхолтой зүйл болсон нь Эрдоган АНУ-ын Ерөнхийлөгчийн өөрт нь бичсэн захидлыг Трампад эргүүлэн өгчээ. Уг захидалд Трамп Сирийн хойд хэсэгт явуулсан Туркийн байлдааны ажиллагаатай холбогдуулан Эрдоганыг “битгий тэнэглэ” гээд эс бөгөөс Туркийн эдийн засгийн сүйрүүлнэ гэж сүрдүүлэн нэлээд бүдүүлэг хэлбэрээр харьцсан аж. “Өнөөдөр би уг захидлыг ноён Ерөнхийлөгчид эргүүлэн өглөө” гэж Туркийн Ерөнхийлөгч хэлжээ.