Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Италийн Венец хотын 80 гаруй хувь усанд автаж их хэмжээний хохирол амсжээ. Венец хотын дарга Луижи Бруниарогийн үгээр бол хохирол урьдчилсан тооцоогоор хэдэн зуун сая еврогоор тоологдох төлөвтэй аж. 1966 онд усны түвшин хамгийн дээд хэмжээ буюу 190 см нэмэгдсэн бол энэ удаа түвшин 187 см-т хүрсэн байна. Венец хотын гэгээн Маркийн талбай усанд бүтэн автжээ. Тус талбайд Венец хотын төдийгүй Италийн үндэсний соёлын өв болсон олон түүх дурсгалын хөшөө барилгууд оршдог. Тэдгээрийн доод давхрууд бүгд усанд автсан байна. Үүнээс гадна доод давхруудад худалдаа үйлчилгээ явуулдаг орон нутгийн иргэд ч асар их хохирол амсжээ. Венец хот дэлхийн жуулчдын нэгэн томоохон төв бөгөөд жилд 28 сая жуулчид хүлээн авдаг. Харин эл байгалийн гамшгийн улмаас жуулчдын тоо эрс буурчээ. Адриатын тэнгисийн булангийн хэд хэдэн арал дээр орших Венец хотод сарны мөчлөг, далай түрлэгээс хамааран "өндөр ус" гэдэг байгалын өвөрмөц үзэгдэл болдог. Мөн усархаг борооны улмаас ч усны түвшин ийнхүү нэмэгддэг аж. Өчигдөр үдээс хойш Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте гамшигт нэрвэгдсэн хотод ирсэн байна.