Мягмар гарагт /2019.11.12/Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев Орос, Украин улсуудын төрийн тэргүүн нарыг зуучлан уулзуулахаар төлөвлөж байгаа аж. Түүний эл саналыг Украины Ерөнхийлөгч Зеленский хүлээж асан байна. Энэ талаар Назарбаев Астана Клубын уулзалтын үеэр мэдэгджээ. “Зеленский ганцаарчилсан уулзалтыг зөвшөөрсөн. Оросын ерөнхийлөгчийн хариуг хүлээж байна. Хоёр удирдагчийн уулзалтыг зохион байгуулахад төвийг сахисан бүс нутаг хэрэгтэй бол би Казахстаныг санал болгож байна” гэж түүний хэлснийг Tengrinews агентлаг уламжлав. Даваа гарагт /2019.11.10/ Назарбаев ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьсан бөгөөд талууд олон сэдвээр санал солилцсоны дотор Украин дахь нөхцөл байдал чухал асуудлын нэг байв . Өнгөрсөн 10-р сарын эхээр Украины Гадаад хэргийн сайд Вадим Пристайко Ерөнхийлөгч Зеленскийг Путинтэй уулзахад бэлэн гэдгийг мэдэгдэж байсан юм. Гэхдээ тэрээр Зеленскийг ганцаарчилсан юм уу эсвэл “нормандын дөрвийн” хүрээнд үү гэдгийг тодруулаагүй аж. Өмнө нь Украины Ерөнхийлөгч Зеленский ОХУ-ын удирдагчидтай ганцаарчилсан уулзалт хийх төлөвлөөгүй байгаагаа мэдэгдсэн. Тэрээр уулзалтыг Францын болон Германы төрийн тэргүүн нарыг оролцуулан “нормандын форматаар” явуулахыг шаардсан байдаг. Казахстаны анхны ерөнхийлөгч Назарбаев ОХУ, Украины дээд төвшний ганцаарчилсан уулзалтыг санал болгож байгаа аж.