Боливын Ерөнхийлөгчөөс огцорч буйгаа мэдэгдсэн Эво Моралес эх орноо орхин Мексик руу нисэж байгаагаа өчигдөр/2019.11.10/ мэдэгджээ. “"Ах, эгч нар, дүү нар минь! Би Мексика руу нислээ. Бидний амийг аврахын тулд орогнол олгож байгаа найрамдалт Мексик улсын засгийн газарт талархаж байна" гэж тэрээр Twitter-тээ бичжээ. "Улс төрийн шалтгаанаар улс орноо орхиж байгаадаа сэтгэл өвдөж байна. Гэхдээ би удахгүй шинэ эрч хүчээр дүүрэн эргэж ирнэ " гэж Моралес тэмдэглэсэн байна. El Tiempo сонинд бичсэнээр Моралесыг авахаар Мексикийн эрх баригчдын илгээсэн онгоц Боливын Химор хотод газарджээ. Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард өөрийн Twitter хуудсаараа “Мексикийн засгийн газраас Эво Моралесийг манай улсад аюулгүй авчрахаар онгоц илгээсэн нь үнэн бөгөөд тэрбээр хэдийнээ онгоцондоо суусан" гэж дээрх мэдээллийг баталсан байна. Болив улсыг 13 жил удирдсан Ерөнхийлөгч Эво Моралес огцорч буйгаа Даваа гарагт мэдэгдсэн билээ. Тэрбээр өнгөрсөн 10-р сарын 20-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар дөрөв дэх удаагаа улиран сонгогдсон ч сонгуулийг луйвардаж ялалт байгуулсан гэж үзсэн Боливын иргэд гурван долоо хоногийн турш тэмцсэн юм. Америк Тивийн Улсуудын Байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийж сонгууль бүхэлдээ будлиантай болсон талаар зарлаж дахин сонгууль явуулахыг зөвлөсөн аж. Моралес уг зөвлөмжийг харгалзан ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулахыг саналтай байгаагаа мэдэгдсэн боловч Боливын ард иргэд дэмжээгүй бөгөөд эсэргүүцлээ үргэлжлүүлсэн юм. Боливт эмх замбараагүй байдал газар авч хууль хяналтын байгууллага хүчрэхгүй болсон тул тус улсын Зэвсэгт хүчний командлагч генерал Уильям Кариман даваа гарагт ерөнхийлөгчид огцрох санал тавьсан аж. Тэр өдөртөө Эво Моралес огцрох мэдэгдлээ хийжээ. Мэдэгдлийнхээ дараа тэрбээр өөрийнх нь амь насанд аюул заналхийлж буй талаар Twitter хуудсандаа бичсэн байна. Боливын Ерөнхийлөгч Эво Моралес огцрохдоо улс орноо удирдлагагүй үлдээлээ. Үндсэн хуульд заасны дагуу засгийн эрх мэдлийг дэд Ерөнхийлөгч болон Сенатын тэргүүлэгчид шилжих ёстой байсан ч тэд бүгд огцорсон аж. Шинэ сонгуулийн тов зарлагадаагүйн адил Ерөнхийлөгчийг орлох хүн ч томилогдоогүй байна. Болив улс ямар ч удирдлагагүй болов.