Болив улсыг 13 жил удирдсан Ерөнхийлөгч Эво Моралес огцорч буйгаа өчигдөр /2019.11.10/ мэдэгдлээ. Өнгөрсөн 10-р сарын 20 болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Эва Моралес дөрөв дэх удаагаа улиран сонгогдсон юм. Гэвч сонгуулийг луйвардаж ялалт байгуулсан гэж үзсэн Боливын иргэд гурван долоо хоногийн турш тэмцэж байгаа билээ. Америк Тивийн Улсуудын Байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийж сонгууль бүхэлдээ будлиантай болсон талаар ням гарагт зарлажээ. Огцрох мэдэгдэл хийхээсээ өмнө Моралес ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулах уриалга гаргасан ч ард иргэд дэмжээгүй байна. Боливын армийн командлагч эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд өчигдөр Моралесыг огцрохыг шаардсаны дараа Ерөнхийлөгч ийнхүү огцрохоо мэдэгджээ. Түүний мэдэгдлийн дараа нийслэл Ла Паз хотын гудамж, талбайд иргэд баяраа тэмдэглэж эхэлжээ.