Английн Эссекс хотод ачааны машинаас олдсон 39 хүн бүгд Вьетнамын иргэд байсан гэж Вьетнамын Олон нийтийн аюулгүй байдлын яам мэдэгдэв. Вьетнамын эрх баригчдын мэдэгдсэнээр нас барагсад Хэйфонг, Нгеан, Хачин, Куанг Бин, Тиа Тхиен Ху зэрэг мужуудаас ирсэн хүмүүс байжээ. Үүний зэрэгцээ, Британийн цагдаагийн байгууллага ачааны машинаас олдсон бүх цогцсыг мэргэжилтнүүд хэн болохыг тогтоож, тэдгээрийн гэр бүлийнхэнд мэдэгдсэн байна. "Энэ бол мөрдөн шалгах ажлын чухал үе шат бөгөөд бид вьетнам мэргэжилтнүүдтэй хамтран хохирогчдын ар гэрийнхнийг дэмжих тал дээр ажиллаж байна. Нэмэлт мэдээллийг өгөхөөс өмнө гэр бүлийнхэнд нь энэ эмгэнэлт мэдээг давж туулах боломж олгох хэрэгтэй бөгөөд энэ газар нутагт амиа алдсан тэдгээр хүмүүсийн ар гэр найз нөхөдтэй нь сэтгэл санааны хувьд хамт байна "гэж Эссекс мужийн цагдаагийн газрын мэдэгдэлд дурджээ. Өнгөрөгч 10-р сарын 23-нд шилжих шөнө ИХ Британийн Эссекс мужид дотор нь 39 хүний цогцостой хөргөгч ачааны машин олдсон юм. Тэдгээр хохирогчдийн 31 нь эрэгтэй, найман эмэгтэй байсан аж. Эл ачааны машин Бельгийн Зейбругг боомтоос гарамаар ирсэн байв. Уг ачааны машины жолооч Морис Робинсон хэдийн шүүхийн өмнө очсон бөгөөд түүнд хууль бусаар хүмүүсийг хил давуулан тээвэрлэсэн, санаатай бусаар 39 хүний аминд хүрсэн гэх олон зүйл ангиар ял оноожээ. Мөн 22 настай Имон Харрисон гэгчийг Дублинд баривчилж Ирландаас Эссэск руу шилжүүлэх гэж байгаа аж. Энэ хэрэгт холбогдуулан Британийн цагдаагийн байгууллага Хойд Ирландын иргэд хоёр ах дүү Ронан, Кристофер Хьюз нарыг хүн амины хэрэг, хилээр хууль бусаар хүн тээвэрлэсэн хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байна. Вьетнамын хууль хяналтын байгууллага хүмүүсийг хууль бусаар хил давуулах ажлыг зохион байгуулсан хэрэгт нийтдээ 11 хүнийг сэжиглэн саатуулаад байгаа аж.