Олон улсын сансрын станц (ОУСС)-д 2020 оны дөрөвдүгээр сараас ажиллах 63 дахь багийн гишүүдийг албан ёсоор зарлан, танилцууллаа. Үүнд ОХУ-ын сансрын агентлаг “Роскосмос”-ын Николай Тихонов, Андрей Бабкин, АНУ-ын НАСА-гийн Крис Кэссиди нар багтжээ. Дэлхийн тойрог зам дахь тус станцад өдгөө НАСА-гийн сансрын нисэгч Жессика Мэйр, Эндрю Морган, Оросын Олег Скрипочка ажиллаж байгаа бөгөөд 63 дахь багийн гишүүдэд халаагаа өгөх юм. ОУСС-д ажиллах шинэ багийн ахлагч, Америкийн сансрын нисэгч Крис Кэссиди анх 2009 онд “Атлантис” хөлгөөр сансрын нислэг гүйцэтгэж, задгай сансарт гурвантаа гарсан бөгөөд ирэх онд 50 нас хүрнэ. 2013 онд 182 хоног дэлхийн тойрог замд ажилласан туршлагатай юм байна. Өөр нэг онцлох зүйл гэвэл, тэрбээр сансарт ниссэн 500 дахь нисэгч аж.
Төлөвлөсөн ёсоор бол 63 дахь багийнхан 2020 оны аравдугаар сар хүртэл ОУСС-д ажиллана. Ташрамд өгүүлэхэд, АНУ, Бельги, Бразил, Герман, Дани, Испани, Итали, Канад, Нидерланд, Норвег, ОХУ, Франц, Швейцар, Швед, Япон гэсэн 15 улсын сансрын агентлагийн оролцоотойгоор 1998 онд дэлхийн тойрог замд угсарсан, 450 тонн жинтэй Олон улсын сансрын станц цэнхэр гаргаас 420 км өндөрт, цагт 27 700 км хурдтай “хөвдөг”. Нэг өдөрт бөмбөрцгийг ойролцоогоор 15 удаа тойрдог байна. Сансрын тухай гэрээнд зааснаар сансрын нисэгчийг “Сансарт илгээсэн хүн төрөлхтний элч” хэмээн албан ёсоор нэрлэдэг юм.
Бэлтгэсэн: Э.Хана