Уншигч та Хойд Солонгосын ард түмний бодит амьдралаас сэдэвлэн бичсэн “Атаархах зүйл үгүй” номыг уншсан байх. Энэ номд удирдагчийнхаа дарангуйлал доор нэг талын үзэл сурталд хэт “угаагдан”, дэлхийгээс “таслагдаж” хорвоог харах нүдээ бусдын гараар таглуулан, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй, мэдээлэл авах боломжгүй аж төрөн буй иргэдийн хөөрхийлөлтэй дүр төрх, амьдрал ахуйг өгүүлдэг. Тиймч учраас тэд БНАСАУ-аа дэлхийн хамгийн шилдэг улс хэмээн итгэн, удирдагчаа бурхан мэт тахин шүтэж “Энэ дэлхий дээр бидэнд атаархах зүйл үгүй” хэмээцгээдэг.
Тэгвэл ардчиллын босгоор алхаад 29 жилийг үдсэн, хөгжиж буй орны эзэн болсон бидний олонх нь Монголоос бусад бараг бүх газрыг сайхан мэтээр төсөөлж, тэнд байгаа нэгэндээ битүүхэн атаархаж, хилийн дээс алхахын тулд, хэдэн төгрөг илүү олохын төлөө юугаа ч золиослоход бэлэн буй гэхэд хилсдүүлсэн болохгүй. Үүнийг ч жил ирэх бүр хилийн чанадыг зорьж, тэндээ бүрмөсөн суух хүсэлтэй монголчуудын тоо бэлхэн илтгэнэ. Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр гадаадад манай улсын 150 мянга гаруй иргэн амьдарч байна.
Гэхдээ энэ нь албан бус тоо. Учир нь манай улс 2010 оноос хойш хүн амын нэгдсэн тооллого хийгээгүй, гадаадад амьдардаг монголчуудынхаа тоог нарийн гаргаагүй. Өдийгөөс дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд манай нийт хүн амын дөрөв, нийслэлийн хүн амын ес, орон нутагт бүртгэлтэй хүмүүсийн 26 хувь нь гадаадад амьдарч байгаа гэсэн судалгаа гарч байжээ. Монгол Улсын иргэншлээсээ татгалзах иргэдийн тоо ч жилээс жилд нэмэгдэх болов. Гадаадын иргэн харьяатын газрын мэдээллээр өнгөрсөн 2018 онд 490 хүн иргэншлээсээ татгалзсан байна.
2014 онд энэ тоо 85 байсан юм. Бид БНСУ, БНТУ, АНУ, Австри, Австрали, Япон, Швед гээд ахиухан мөнгө олох боломжтой газар бүрт нүүдэллэж байна. Хаашаа явах, юу хийх нь хүний эрх ч гэлээ энэ урсгалд нэгдэхээр зориг шулуудан, яг одоо хилийн дээс алхах, эсвэл хэзээ нэг өдөр явна даа хэмээн мөрөөдөж байгаа эрхэм танд бага ч болов мэдээлэл хүргэх зорилгоор хилийн чанадад амьдардаг монголчуудынхаа тухай цувралаар хүргэж буй билээ. БНХАУ, БНСУ, БНТУ-аас бичсэн нийтлэлээ арлын Япон орноос үргэлжлүүлж байна.
НОЙРОО ХУДАЛДАГЧ
Монголд бол хүйтний эрч дөнгөж тавирч байхад Япон Улсад хавар хэдийн айлчилсан дөрөвдүгээр сарын нар ээсэн налгар өдрийн өглөө тус улсын нийслэл, дэлхийн хамгийн аюулгүй хотоор шалгарсан Токиод байрлах “Нарита” олон улсын онгоцны буудалд газардлаа. Японы олон ангит кинонд ихэвчлэн дүрслэгддэг ажил хэрэгч хувцастай хүмүүс хэд хэдээрээ цувран алхах нь кинон дотор орчихсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн бүхий л асуудлыг шийдсэн, юу ч асуусан туслахын төлөө хэн бүхэн бөхөлзөн тонголзох энэ улсад 8300 гаруй монгол сурч, хөдөлмөрлөн амьдарч байна. Тэдний олонх нь хичээлийнхээ хажуугаар, шөнийн цагаар ажил хийж, олсон хэдээрээ байр, сургалтын төлбөрөө төлөн аж төрдөг.
Тэдний нэг нь 21 настай, Японд ирээд жил гаруй болж буй Б.Пүрэвдорж. Үсээ бага зэрэг ургуулсан, онигор нүдтэй туранхай бор хүү япон хүнээс ялгарахын аргагүй имиж бүрдүүлжээ. Зөрж өнгөрөх хэн ч түүнийг монгол гэж танихгүй. Японд сурдаг эгчээсээ хэрхэн тус улсад сурах боломжийг судлан, хамгийн хямд зардалтайгаар нь сонины тэтгэлгээр, зуучлалын хөлс зургаан сая төгрөг төлөн энд ирсэн. Ингэхдээ ШУТИС-д авто инженерийн мэргэжлээр сурч байсан ч сургуулиа хаяжээ. Энэ шалтгаанаа тэрбээр “Өндөр хөгжилтэй оронд сайн боловсрол эзэмшиж, тэдний хөгжлөөс суралцан, сурсан зүйлсээ Монголд хэрэгжүүлэхийг хүссэн” хэмээн тайлбарласан. Нөгөө талаас мэргэжилдээ сонирхолгүй байсан гэнэ. Гэрийнхэн нь ч ганц хүүгээ “Амьдралаа өөрөө босгог” хэмээн ийм шийдвэр гаргахад нь дэмжжээ. Тэрбээр “Мэдээж хүн алдана. Гэхдээ залуу байгаа дээрээ илүү алдах хэрэгтэй” хэмээн өөрийнхөө шийдвэрийг зөвтгөсөн.
Сонины тэтгэлэг гэдэг нь сонинд түгээгчээр ажиллаж, энэ хугацаанд сурах хэлний бэлтгэлийн зардлыг тус байгууллагаас гаргахыг хэлдэг аж. Тухайлбал, Б.Пүрэвдорж сард 150 мянган иений цалин авахаас 50 мянгыг нь компани сургуулийнх нь төлбөрт суутгадаг. Үлдсэн нь байрны цахилгаан, ус, утасны төлбөр, ойр зуурын хэрэглээнд хангалттай. Шаардлагатай тохиолдолд гэр лүүгээ мөнгө явуулчихна.
Түүний шинэ өдөр хэн бүхнээс эрт 01.00 цагт сониноо түгээхээс эхэлнэ. Цаг агаар тогтуун бол 04.00, харин хур тунадастай, аль эсвэл яаралгүй, тайван ажиллавал 05.00 цаг гэхэд ажил нь дуусдаг. Гэртээ ирээд хоёр цаг унтаад л хичээлдээ явна. 13.00 цагаас хичээлээ тараад, гэртээ ирж, хоолоо идчихээд дахиад сониноо түгээнэ. Гэрээнд зааснаар долоо хоногт 28 цаг ажиллах ёстой ч тэрбээр илүү орлого олохын тулд 18.00 цагаас ачаа зөөдөг ажил хийдэг. Ингээд 22.00 цагт ажил нь дуусаж, гэртээ ирээд даалгавраа хийж, амжвал нүдний хор гаргаад, амжихгүй бол тэр чигтээ үргэлжлүүлэн шинэ өдрийг эхэлнэ. Ийм л учраас би түүнийг “Нойроо худалдагч” хэмээсэн юм. Гэхдээ эл хотод тэр л энэ мэтээр ажиллаад байгаа юм биш. Энд амьдардаг, сурдаг хэн бүхэн нойроо “худалдан”, цаг наргүй ажилладаг. Ирэх гуравдугаар сараас тэрбээр үндсэн ангидаа орох учраас төлбөр нэмэгдэнэ, сонин түгээгчийн ажлаасаа гарна гэж байсан. Ирснээсээ хойш эгчтэйгээ нэг л удаа уулзсан гэхээр тэд хэрхэн завгүй амьдардгийг мэдэж болно.
Эгч нь ч хичээлийнхээ хажуугаар хоёр ажил хийдэг. Түүний найзуудын зарим нь ажил хийж Монголд өөрийн гэсэн гэр оронтой болохыг мөрөөддөг бол нөгөө хэсэг нь мэргэжилтэй болоод буцахыг зорьж буй. Сургуулиа төгсөөд эндээ хэдэн жил ажиллаж, Монголын нэрийг дэлхийд гаргах бизнесээ эхлүүлэх нь Б.Пүрэвдоржийн мөрөөдөл. Түүнээс ядарч байгаа, эсэхийг асуухад “Би өөрийнхөө төлөө л ядарч байгаа. Тэгээд ч зорилго, мөрөөдөл минь том. Мөрөөдөлдөө хөтлөгдөн хичээлдээ, ажилдаа явдаг. Эхлээд маш их ядарч, турсан.
Хүн маш хурдан дасдаг юм билээ. 48 кг жинтэй байснаа ирээд хэд хоноход л 43 кг болсон. Одоо нэмээд 50 кг хүрсэн” хэмээсэн. Түүний Японд ирсний дараах хөгжилтэй юм шиг хэрнээ сэтгэл эмзэглүүлэм түүх бол крантны ус, Монголоос авчирсан боорцгоос өөр зүйл хэлэн дээрээ тавилгүй гурван хоносон гэдэг. Учир нь байр нь цахилгаан хэрэгсэлгүйгээс гадна тэрбээр дэлгүүр хаана байдаг, хэрхэн худалдаа хийхээ ч мэдэхгүй байсан гэнэ. Харин одоо тэрбээр хөргөгч, ор, будаа агшаагч, цахилгаан зуух гээд айлд байдаг юм бүхэнтэй, товхийтэл тохижжээ.
ЗОЛИОС
Цуварч тогтсон арлууд дээр оршдог Япон Улс нийт 380 мянга орчим хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Монголоос бараг тав дахин бага нутаг дэвсгэртэй тус улс 130 сая орчим хүн амтай бөгөөд цагаачдын тоогоороо Хятад, Солонгос, Вьетнам, Тайвань, Бразил эхний тавд багтдаг бол Монгол 25-д бичигддэг. 2017 оны байдлаар Японд 2.5 сая орчим гадаадын иргэд ажиллаж, амьдарч байна. Тэдний нэг, Японд ирээд гурван жил орчим болж буй бүсгүйг С.Цэцэгдэлгэр гэдэг. Нөхрөөсөө салж өрх толгойлсон, ганц бие ээж болоод л тус улсыг зорьжээ. Таних хүнгүй, онгоцны буудал дээр ирж байсан тэрбээр хоёр жил толгой өндийх завгүй ажиллахын хажуугаар хэлний бэлтгэлд сурч өдгөө Японы нэр хүндтэй сургуульд элссэн байна. Анх метроны буудалд хүн болгон яаран алхахыг хараад газар хөдөлсөн юм болов уу хэмээн бодож байсан гэсэн. Өглөө ажлын цагаар метроны буудал нэг нэгнээсээ өрсөн алхах, гүйх хүмүүсээр дүүрэн нь анх удаа Японд хөл тавьсан түүнд ийм сэтгэгдэл төрүүлжээ. Мөн хүн болгон амны хаалт хэрэглэдгийг хараад халдварт өвчин гарчээ хэмээн бодсон удаатай.
Ангийнхан нь түүнээс 10 насаар дүү ч С.Цэцэгдэлгэр энэ бүхэнд эмзэглэдэггүй. Харин ч энэ улсад ирээд өөрийгөө олсноо, Монголд тийм ч дуртай биш мэргэжлээрээ бакалаврт сурснаа ойлгосон хэмээн ярьсан. Гурван ой гаруйтай байхад нь ээждээ орхисон хүү нь өдгөө нэгдүгээр ангид орох гэж буй. Хацар дээр нь үнсэж, “Удахгүй ирнэ ээ” хэмээн орхисон хүүтэйгээ уулзаагүй гурван жил болсон ч өдөр бүр үргэлжлэх завгүй амьдралынхаа хэмнэлд зав гарган дүрсээ харан ярихыг хичээдэг. Амьдралынх нь нарийн ширийнийг мэдэхгүй нэгэнд тэрбээр аялж, зугаалсан, нэр хүндтэй сургуулийн оюутан ч гэлээ өр зүрхнийхээ гүнд хүүгээ тэврэх ээжтэй гэдгийг нь цаг ямагт мэдрүүлэхийг хүсэгч.
Их сургуулиа төгсөөд л гэртээ харьж, хүүтэйгээ хамтдаа амьдарч, нас дээр гарсан ээжээ асарна хэмээсэн. Тэр энд ирсэндээ харамсдаггүй ч бас бахархаад байх дургүй. Япон хэл сурч, нэр хүндтэй сургуульд сурсан нь түүний амжилт ч хүүгийнхээ анхны гэсэн хором мөчийг хуваалцаж чаддаггүйдээ гунигладаг. Япон найз залуутай ч хүүтэй гэдгээ түүнд хараахан хэлээгүй аж. Магадгүй цаашид хамтдаа амьдрахаар шийдвэл энэ бүхнээ хэлнэ гэсэн. Гэхдээ тэр хүн нь хэрхэн хүлээж авахыг мэдэх аргагүй. Японд ирэхдээ гаргасан хамгийн том золиос бол хүү нь. Ер нь хилийн чанадыг зоригч хэн бүхэн ямар нэгэн байдлаар золиос гаргадаг. Тэдэнд атаархах зүйл ердөө ч үгүй мэт санагдсан.
Японд бизнесээ эхлүүлэн чамгүй амжилттай яваа монгол залуу болон Япон хүнтэй гэр бүл болсон хүмүүсийн тухай дараагийн нийтлэлээрээ хүргэх болно.
Э.Эрдэнэцэцэг