Google болон Mozilla-аас гаргасан мэдэгдэлд дурдсанаар тус компаниуд интернет хөтөчдөө Казахстаны засгийн газрын боловсруулсан Qaznet Trust Network root нэмэлт программыг суулгахыг хориглох техникийн шийдлийг хэрэгжүүлсэн байна. Үүнтэй адил урьдчилан сэргийлэх арга хэмжээг Safari болон Apple компани ч хэрэглэгчдийгээ хамгаалах зориулалтаар авсан тухай Ройтерс агентлаг мэдээллээ. Казахстаны эрх баригчид өөрсдийн гаргасан Qaznet Trust Network root нэмэлт программыг итернэтэд холбогддог бүх төхөөрөмж, хөтчид суулгахыг иргэдээсээ шаардсан аж. Тус улсын Дижитал Хөгжлийн яам үүнийгээ кибер халдлага, луйвраас иргэдээ хамгаалах зориулалттай гэж тайлбарлаж байгаа юм. Харин Google, Mozilla компаниуд уг программыг хэрэглэгчийн бичсэн, нийтэлсэн бүх агуулгыг харах тагнуулын зэвсэг гэж үзжээ. "Манай хэрэглэгчийн мэдээллийг ямар ч байгууллага, ямар ч улсын засгийн газар хулгайлахыг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэж Google компанийн Chrome бүтээгдэхүүний инженерийн албаны захирал Париза Табриз мэдэгдсэн байна.