Сонгон шалгаруулалтыг давж гарсан хамгийн “нялх” теннисчин, өөрийн шүтээн В.Уильямсыг хожсоноор 1991 оноос хойш “Уим блдон”-д ялалт байгуулсан хамгийн залуу тоглогч болсон 15 настай Кори Гауфф теннисний ертөнцийг байлдан дагуулж эхэллээ.
Ойр дотнынхон нь Коко хэмээн дууддаг охин эхний ялалтдаа сэтгэл ханалгүй хоёрдугаар шатанд Магдалена Рыбариковаг (2017 онд Уимблдоны хагас шигшээд шалгарч байсан) 6-3, 6-3-аар хожсон төдийгүй гуравдугаар шатанд Полона Херцогийг 3-6, 7-6, 7-5-аар буулгаж авав.
Уимблдонд ийнхүү гурав дараалсан ялалтын эзэн болсноор Коко багадаа 176 мянган фунтийн шагнал авах эрхтэй болсноос гадна хамгийн хэцүү өрсөлдөгч буюу дэлхийн чансааг тэргүүлж байсан Симона Халептай учраа таарах ёстой болов. Харин К.Гауфф удахгүй таарах өрсөлдөгчдөө бус огт өөр зүйлд анхаарлаа хандуулж байна. Тэрбээр П.Херцогийг ялсныхаа дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Дуучин Бейонсегийн ээж хатагтай Тина Ноулс миний тухай инстаграмдаа бичсэнийг хараад би тэсэлгүй орилсон. Түүнийг нь Бейонсе харсан, мөн ээж нь миний тухай Бейонсед хэлсэн гэж найдаж байна. Тэгвэл би түүний концертыг үзэж магадгүй” хэмээсэн юм.
Харин шагналын мөнгөний тухай “Би жолоо барьж чадахгүй болохоор машин худалдаж авахгүй. Тэгээд ч би мөнгө үрэхийг үзэн яддаг” гэжээ. Харин аав Кори, ээж Кандигийн тухайд “Ээж минь амьдралын талаарх үзэл бодлыг суулгаж өгсөн бол аав намайг том мөрөөдөж сургасан. Энэ үнэхээр сайн хослол гэж бодож байна. Аав намайг голлон дасгалжуулдаг учир ээж эхийн үүргээ л гүйцэтгэдэг” гэж хэвлүүхэн ярьжээ.
Тэрбээр долоон настайдаа теннисний цохиур гартаа анх барьжээ. Эцэг, эх нь спортын хорхойтнууд. Аав нь Жоржиа Стэйт их сургуульд сагсан бөмбөг тоглож байсан бол ээж нь хөнгөн атлетикт урвахаасаа өмнө гимнастикаар хичээллэж байсан аж. Коко 13 настайдаа “Америкийн нээлттэй тэмцээн”- ий шигшээд шалгарсан хамгийн залуу теннисчин болсон бол 14 насныхаа төрсөн өдрөөс хоёр сарын дараа охидын “Францын нээлттэй тэмцээн”-д аваргалжээ. Энэ жилийн хувьд түүний гол зорилго нь “Уимблдон” байсан ч чансаанд 301 дүгээрт байрт бичигдэж байсан учир оролцох боломж бараг байсангүй. Гэвч төд удалгүй цагаан хуудсаар эл тэмцээнд оролцох болсноо мэдсэн байна.
Сонирхолтой баримт
- К.Гауфф 2004 оны гуравдугаар сарын 13-нд төрсөн. “Уимблдон”-ы эмэгтэй аваргын шигшээ тоглолт болох өдөр тэрбээр 15 нас, дөрвөн сартай болно. Эл өдөр түүнийг финалд тоглоно гэдэгт итгэх хүн цөөн боловч бий.
- Сүүлчийн 35 жилд “Их дуулга” тэмцээний шөвгийн 16-д шалгарсан хамгийн залуу эмэгтэй теннисчдийн долдугаарт К.Гауфф бичигдэх боллоо. Түүний өмнө Ж.Каприати, М.Жо Фернандес, М.Хингис, Ш.Граф, Г.Сабатини, А.Курникова нар бий.
- “Уимблдон”-ы дөрөвдүгээр шатанд шалгарсан хамгийн залуу эмэгтэй теннисчин бол Ш.Граф, Ж.Каприати юм. Женнифер К.Гауффаас хэдхэн долоо хоног, харин Штеффи гурван сараар дүү байхдаа шилдэг 16-д үлдэж байв.
- Сагсчин асан Мэжик Жонсон, жүжигчин Рийз Видерспун, тэргүүн хатагтай асан Мишель Обама нарын олон алдартан түүнд баяр хүргэжээ.
- Энэ жилд олгох цагаан хуудасны тоо дууссан учир Коко ахин “Их дуулга” тэмцээнд оролцохгүй байж магадгүй. Мөн 16-гаас доош насны теннисчдийн оролцох тэмцээний хязгаараас шалтгаалж тэрбээр он дуустал дээд тал нь долоон тэмцээнд л оролцох боломжтой юм.