АТГ-аас 2019 оны тавдугаар сард хийсэн ажлаа тайлагнасны дараа АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Т.Баярхүү болон Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Засгийн газрын гишүүн, Төрийн сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон гэх хэрэг байгаа. Энэ хэргийг шалгаж байгаа юу?
-10 сая ам.доллартай холбоотой асуудал АТГ-т шалгагдаж байгаа зүйл байхгүй.
-Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг, О.Орхон нар хил даван зугтсан гэх мэдээлэл гараад байгаа. Үүн дээр тайлбар өгнө үү?
-Худалдаа хөгжлийн банктай холбоотой асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Манайд энэ талаар шалгагдаж байгаа асуудал байхгүй.
Ер нь нийгэмд хүлээлт үүсгэсэн, их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй, төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргүүд хуульд заасан журмын дагуу прокурорын хяналт дор шалгагдаж байгаа. Тэгээд уг хэрэг шалгагдаж дууслаа хэмээн үзвэл холбогдох үндэслэлээ дагаад прокурорын байгууллагад шилжүүлдэг. Харин дээр нэр дурдагдсан хүмүүст холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн.
-МХЕГ-ын байцаагч нартай холбоотой хэргийн хөөн хэлэлцэн хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байх шиг байна. Үүний шалтгааныг тайлбарлана уу. Хөөн хэлэлцэх хугацаа яг хэзээ дууссан бэ?
-МХЕГ-ын байцаагч нар гэж яриад байгаа боловч үнэн хэрэгтээ хэлтсийн дарга болон холбогдох албан тушаалтнуудтай холбоотой хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Энэ хүрээнд тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр ажилласан. Өөрөөр хэлбэл, албан тушаалтнуудын үйл ажиллагааг нарийн журамлаагүй байсан ба тэд асуудалд үзэмжээрээ хандах нөхцөл байдлыг бүрдүүлсэн байсан нь авлига авах нөхцөл байдлыг бий болгосон байсан. Иймд журамтай болгож авлига авах нөхцөлийг хаах ажлыг хийж байна.