Зэвсэгт хүчний жанжин штабын Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга энхийг сахиулах ажиллагаанд явуулна гээд хахууль авсан гэх хэргийг АТГ-т шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ЗХЖШ-ын эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой өөр нэг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ.
Афганистанд Умард Атлантын гэрээний байгууллага (НАТО)-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд манай энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэсээр олон жил болж буй. Уг ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдыг халуун орны хумхаа зэрэг халдварт өвчнөөс сэргийлж, явахаас нь өмнө дархлаажуулж, вакцин хийдэг. Тэгвэл Зэвсэгт хүчний Хяналт шалгалт, үнэлгээний газраас Монгол Улсын Зэвсэгт хүчний хамгаалалтын ротын есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд хийсэн вакцинжуулалтын байдалд төлөвлөгөөт бус шалгалт хийжээ. Энэ үеэр Зэвсэгт хүчний Хяналт шалгалт, үнэлгээний газрынхан албан тушаалаа урвуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэнэ. Тиймээс АТГ-ынхнаар шалгуулахаар шилжүүлсэн бололтой. Энэ талаар БХЯ, ЗХЖШ-ынхнаас тодруулахад “АТГ-ынхан вакцинтай холбоотой асуудал шалгаж эхэлсэн нь үнэн. Чухам хэрхсэнийг тус газрынхнаас лавласан нь дээр” гэхээс илүүг хэлсэнгүй.
ЗХЖШ-ын өмнөх дарга нарын үеэс л энэ мэт хууль журам зөрчсөн үйл ажиллагаа явагдаж байсан нь шалгалтаар ил болж буй бөгөөд энхийг сахиулагчдыг дархлаажуулахтай холбоотой хөрөнгө мөнгөнөөс завшсан байж болзошгүй нэг бус зөрчил тодорхой болсон аж.
Бэлтгэсэн: Д.Дайчин