Үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг бол гарцаагүй хүнсний аюулгүй байдал байдаг. Тиймээс төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ, түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт зэргээс бүрдэх цогц зүйл нь энэ салбарын аюулгүй байдалд хамаардаг. Тиймээс ч өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт “Эмээлт”-д тагнуулын ажилтнууд хуулийн дагуу хяналт, шалгалт явуулаа.
Стратегийн хүнсний бүтээгдэхүүн болох малын махыг зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөөх, эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, мөн л зориулалтын бус агуулахад хадгалах зэрэг зөрчил их гарч, ашиг их хэмжээгээр олох зорилгоор гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн зарим албан хаагч оролцсон зохион байгуулалттай бүлэглэлийнхэн өвчнөөр болон турж үхсэн малын махыг нийслэлийнхний хүнсэнд нийлүүлэх, химийн бодис ашиглан өнгө зүсийг нь сайжруулан борлуулж байгаа ноцтой үйлдлийн талаар тагнуулын байгууллага мэдээлэл цөөнгүй авчээ. Улмаар эдгээр хууль бус үйлдлүүдийн эсрэг МХЕГ болон холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.
Энэ сарын 16-нд тагнуулынхан ХХААХҮЯ, МХЕГ, МЭЕГ-ын улсын байцаагч нартай хамтран тус захад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “Саян-Уул” ХХК-ийн агуулахад шалгалт хийхэд 120 тонн хонь, адууны махыг нөөцөлсөн байсныг илрүүлжээ. Дээрх хонины махыг 2018 оны намар, өвөл бэлтгэсэн гэх боловч мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр шинэ мах болох нь тогтоогдсон юм. Уг үйлдвэрт гадаадын дөрвөн иргэн хонь зумлаж мал, мах боловсруулж байсан агаад түүнийгээ ямар арга, технологиор зумласан нь тодорхойгүй байгаа аж. Үүнээс гадна Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Номин холдинг” ХХК-ийн агуулахын тав, зургадугаар гүн хөлдөөх зооринд 20 тн орчим үхрийн мах гарал үүслийн бичиггүй, бусад хүнсний бүтээгдэхүүнтэй хамт стандартын шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж байсныг ч мөн дээрх ажлын хэсгийнхэн илрүүлж, өдгөө мэргэжлийн байгууллагын ажилтнууд хуулийн дагуу шалгалт хийж байгаа гэнэ.
Түүгээр зогсохгүй улсын хилээр нэвтрүүлж байгаа мах, махан бүтээгдэхүүнийг шалгаж, эдгээр хууль бус ажиллагаанд оролцож буй сүлжээг илрүүлэн, зарим хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа