Газар хөдлөлт бол дэлхийн гадаргын тектоник хавтангийн хөдөлгөөнөөс үүсдэг байгалийн хамгийн аюултай гамшиг юм. Хэдэн жилийн өмнө Японд болсон газар хөдлөлтийг уншигч та бүхэн мэднэ. Хэдий энэ тухайн үед маш их хохирол дагуулсан ч өнгөрсөн хугацаанд үүнээс ч аймшигтай газар хөдлөлт олон болж байжээ.
Уншигч танд дэлхийн түүхэн тохиолдсон хамгийн аймшигтай 10 газар хөдлөлтийг сонирхуулъя.
1. 1556: Шанcи, Хятад
1556 онд Хятадын одоогийн Шанси мужид аймшигт газар хөдлөлт болсон тухай тус улсын эртний номын сан дахь нэгэн номд бичигджээ. Энэхүү газар хөдлөлт нь 8.0 баллын хүчтэй байсан бөгөөд ойролцоогоор 830,000 хүний амийг авч оджээ. Түүнчлэн энэ газар хөдлөлт нь 2010 оны Гаитид болсон газар хөдлөлтөөс 30 дахин хүчтэй байсан бөгөөд 800 гаруй км-ийн урт газрыг сүйтгэсэн байна.
2. 1976: Тангшан, Хятад
Газар хөдлөлтийн рекордонд хоёрт орох энэхүү гамшиг нь 7.8 баллын хүчтэй байсан байна. Уг гамшигт явдлын үеэр ойролцоогоор 250,000 хүн амь үрэгдсэн бөгөөд Тангшан мужийн барилга байгууламжийг 85 хувь нь бүрэн нурсан байна. Тухайн үед Хятадын удирдагч Мао Зедунг гадаадын ямар ч улсаас тусламж авахыг эрмэлзээгүй гэдэг.
3. 2004: Энэтхэгийн далай, Цунами
2004 оны арванхоёрдугаар сарын 26-нд Энэтхэгийн далайд болсон 9.2 баллын хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн цунамигаар нийт 227,898 хүн амиа алджээ. Тус цунами нь эх газраас 15 метрийн өндөрт гарч ирснээс үүдэн Зүүн өмнөд азийн улс орнуудын эргийг сүйтгэжээ.
4. 1920: Хайюан, Хятад
1920 оны арванхоёрдугаар сарын 16-нд Хятадын Хайюан мужид болсон 7.8 баллын газар хөдлөлтийн улмаас ойролцоогоор 273,000 хүн амиа алджээ. Газар хөдлөлтийн үеэр хэд хэдэн голын чиг өөрчлөгдсөнөөс үүдэн Хятадын долоон мужид өлсгөлөн нүүрлэжээ. Мөн өвлийн улирал байсан учраас олон гэргүй болсон иргэд олноороо осгож, өлсгөлөнд автаж амиа алдсан байна. Энэхүү газар хөдлөлт нь тухайн үед Норвеги үлcын газар хөдлөлтийг хэмжих шаталбарт мэдрэгдсэн гэдэг.
5. 1923: Токио, Япон
1923 оны есдүгээр сарын нэгэнд 7.9 баллын газар хөдлөлт Токио хотын Ёкохома хэсэгт нийт байшингийн 90% сүйтгэжээ. Тухайн үед Токио хотын ихэнх иргэд энэхүү хэсэгт амьдардаг байжээ. Газар хөдлөлтийн дараа хотын хүн амын тал нь гэр оронгүй үлдэж, 143,000 хүн амь насаа алджээ.
6. 1948: Туркменистан, ЗХУ
1948 онд Туркменистаны нийслэл Ашхабад хотод болсон 7.3 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 110,000 хүн амиа алдсан гэх тооцоо бий. ЗХУ-ын удирдлагууд газар хөдлөлтийг дэлхий нийтээс нууцлаж байжээ. Гэвч тухайн үед Ираны сэтгүүлчид Туркменд байсан бөгөөд газар хөдлөлтийн улмаас Туркмены хүн амын 10 хувь нь амиа алдсан гэж мэдээлж байжээ.
7. 2008: Сичуан Муж, Хятад
2008 онд Сичуан мужид болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас 87,000 хүний амь үрэгджээ. 7.9 баллын хүчтэй энэ газар хөдлөлт нь мянга мянган байшин нурааснаас 86 тэрбум ам.долларын хор хөнөөл учруулсан байна. Ойролцоогоор 10,000 хүүхэд сургууль дээрээ хичээллэж байхдаа нурангид дарагдаж амь үрэгдсэн гэх харамсалтай баримт бий.
8. 2005: Кашмир, Пакистан
2005 оны аравдугаар сарын 8-нд уулархаг Кашмирт 7.6 баллын хүчтэй энэ газар хөдлөлт тохиолджээ. Кашмир нь уулархаг бүс учир иргэд ихэвчлэн уул хадаар оршин суудаг аж. Гамшиг болох үеэр уул хад нурж, хөлсний нуралт үүссэнээс улбаалан 79,000 хүн амиа алджээ.
9. 1908: Мэссина, Итали
1908 оны арванхоёрдугаар сарын 28-нд Газар дундын тэнгист болсон цунами нь газраас 10 метр өндөрт өргөгдөж Италийн эргийг давснаар 80,000 хүний аминд хүрч, 10 гаруй жижиг хотуудыг арчсан байна. Гэр орноо алдсан ихэнх италичууд АНУ руу дүрвэжээ.
10. 1970: Юнгая, Перу
1970 оны тавдугаар сарын 31-нд Перу улсын номхон далайн эрэгт болсон газар хөдлөлтийн улмаас 70,000 хүн амиа алдаж, 800,000 хүн орон гэргүй болжээ. Хөрcний нуралт ба хагарал нь 200 миль-ийн хурдтай аялж ойр хавийн тосгонуудыг сүйтгэжээ. Чичиргээ нь 400 милийн зайд мэдрэгдсэн гэдэг.