НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр хуралдаж, хотын захирагчийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Өглөө 11.00 цагаас эхэлсэн тус хурал нийтдээ гурван удаа завсарласан юм. Ийнхүү завсарласны эцэст тооллогын комиссыг баталж, нууц санал хураалт явууллаа. Санал хураалтад НИТХ-ын 45 төлөөлөгч саналаа өгсөн бөгөөд хүчинтэй 44, хүчингүй нэг саналын хуудас байлаа.
Үүнээс төлөөлөгч С.Амарсайхан 56.8 хувь буюу 25 санал, С.Мөнхчулуун 43.1 хувь буюу 19 санал авчээ. Ийнхүү Нийслэлийн Засаг даргаар С.Амарсайхан сонгогдлоо. Хурлаар гарсан шийдвэрийн дагуу Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуультай. Хуулиндаа нэг л удаа батламжлахаас татгалзах эрхтэй байдаг аж.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргаар сонгогдсон С.Амарсайханаас байр суурийг нь тодруулахад "Юун түрүүнд Ерөнхий сайд батламжлах ёстой. Үүний дараа алба ёсоор байр сууриа илэрхийлнэ. Нийслэл хот маань олон асуудалтай тулгарч байна. Асуудлыг холоос хайх хэрэггүй. Хамгийн түрүүнд хөрс, агаарын бохирдол болоод иргэдийн аюулгүй байдал дээр ажиллах ёстой" гэлээ.