Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнгөрсөн хавар УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүд хэлэлцэх шаардлагагүй гэж үзээд санаачлагчид нь буцаасан юм. Тэгвэл М.Оюунчимэг тэргүүтэй УИХ-ын дөрвөн гишүүн хавар буцаасан хуулийн төслийг намар дахин өргөн барилаа. Тэдний өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр болов. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөрсдийн санаачилсан хуулийн төслөө УИХ-ын даргад хүргэв. Ерөнхийлөгч маань уг хуулийн төсөлд “Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тогтоосон доод хэмжээний экспортын гадаад валютын орлоготой хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болно” гэсэн агуулгатай заалт оруулахаар чармайж буй.
Хуулийн энэ заалт нь “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг Монголын зах зээлээр дамжуулах гэсэн сонирхлын илэрхийлэл юм. “Оюутолгой”-н санхүүгийн гүйлгээг Монголын банкуудаар дамжуулахгүй байгааг УИХ-ын зарим гишүүн шүүмжилж байсныг уншигчид санаж байгаа биз. Өдгөө “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт, борлуулалтын мөнгөн гүйлгээг хийж чадах том арилжааны банк Монголд байхгүй. Тиймээс хянахын тулд Төвбанкинд төлбөр тооцооны дансыг нь нээх санаачилга гаргасан нь энэ.
МОНГОЛБАНК АРИЛЖААНЫ БАНК БОЛОХ УУ
Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш манай улс банкны хоёр шатлалт тогтолцоог бий болгосон. Тодруулбал, Төвбанк мөнгөний бодлого хэрэгжүүлэх, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахын тулд зөвхөн арилжааны банкуудтай харилцдаг, харин арилжааны банк иргэдээс хадгаламж татах, зээл олгох, мөнгөн гүйлгээг нь хийх үүрэгтэй тогтолцоо юм. Төвбанкны тухай хуульд Монголбанк “банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих”, “банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэсэн хоёр үүрэгтэй хараат бус нэгж байхаар заасан. Хэрэв Ерөнхийлөгчийн санаачилсан заалтыг заалтыг Валютын зохицуулалтын тухай хуульд тусгавал, Төвбанк төлбөр тооцоо хийж, арилжааны банкны үүргийг давхар гүйцэтгэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, үндсэн үүргээсээ хазайж, стратегийн орд газрыг эзэмшиж буй тодорхой аж ахуйн нэгжүүдэд үйлчилдэг, арилжааны банкуудын өрсөлдөгч болно. Товчхондоо, банкны хоёр шатлалт тогтолцоо алдагдана гэсэн үг.
...“Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж буй олон улсын банк, санхүүгийн байгууллагууд бүх ашиг, орлогоо хилийн чанад дахь банкуудад байршуулна гэсэн нөхцөл тавьсныг тус компанийнхан дуулгалаа. Мэдээж энэ нь олон улсад хэрэгждэг практик гэдэгтэй хэн ч маргахгүй. Манайх шиг буурай хөгжилтэй, улс төр нь тогтворгүй оронд хэрэгжиж буй төслийг санхүүжүүлэгч болгоомжлохоос ч аргагүй биз...
Дараагийн нэг үүсэх эрсдэл нь Олон улсын валютын сантай холбоотой. Манай улс энэ байгууллагын гишүүн. ОУВС-гийн гишүүн орон нэг валютыг нөгөө рүү хөрвүүлэх, гадаад гүйлгээ хийхэд зохисгүй хяналт тавьж болдоггүй юм байна. Ингэхдээ заавал зөвшөөрөл авдаг аж. Маш үнэмшилтэй, аргагүйдсэн үндэслэл гаргасан тохиолдолд ОУВС-гийнхан тодорхой хугацаанд гадаад гүйлгээ хийхэд хяналт тавих зөвшөөрөл олгодог гэнэ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн санаачилга ОУВС-гийн үзэл баримтлалын эсрэг явж байгаа аж.
Валютын зохицуулалтын тухай хуульд Ерөнхийлөгчийн санаачилсан заалтыг тусгавал гадаадын хөрөнгө оруулалтын орчинд хэрхэн нөлөөлөх бол. Монголын стратегийн орд газрыг ашиглахад хөрөнгө оруулахаар сонирхож буй корпорац Төвбанкаар санхүүжилтээ дамжуулахыг хүсэх болов уу. Улс төрийн юм уу, ямар нэгэн шалтгаанаар байршуулсан хөрөнгөө авч чадахгүй “түгжүүлж” магадгүй гэсэн айдас хөрөнгө оруулагчдад төрнө. Тиймээс стратегийн орд газарт хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүд үргэх эрсдэл бий.
“ОЮУТОЛГОЙ” ТӨСӨЛ ЗОГСОХ УУ
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд “Оюутолгой” компани нь Монгол Улсын болон бусад улсын арилжааны банканд данс нээж сонгосон валютаараа чөлөөтэй, саадгүйгээр олон улсын гүйлгээ хийх, олсон орлогоо гадаад улсад хөрөнгө эзэмших болон чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй гэсэн агуулгатай заалт бий. Ерөнхийлөгчөөс санал болгосон дээрх заалтыг хуульчилбал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй зөрчилдөх юм. Хууль эргэж үйлчилдэггүй гэсэн ойлголт эрх зүйн ухаанд байдаг. Гэхдээ тус заалт бол “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалт, санхүүгийн гүйлгээг Төвбанкаар дамжуулах цорын ганц зорилготой гэдгийг санах хэрэгтэй.
“Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж буй олон улсын банк, санхүүгийн байгууллагууд бүх ашиг, орлогоо хилийн чанад дахь банкуудад байршуулна гэсэн нөхцөл тавьсныг тус компанийнхан дуулгалаа. Мэдээж энэ нь олон улсад хэрэгждэг практик гэдэгтэй хэн ч маргахгүй. Манайх шиг буурай хөгжилтэй, улс төр нь тогтворгүй оронд хэрэгжиж буй төслийг санхүүжүүлэгч болгоомжлохоос ч аргагүй биз. Шаардлагыг нь хэрэгжүүлэхгүй бол төслийн санхүүжилтийн гэрээг зөрчсөн хэрэг болох гэнэ. Тэгэхээр дээрх заалтыг хуульчилбал санхүүжүүлэгчид гэрээгээ цуцалж, “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт гацах нь. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дотоодынхоо санхүүгийн байгууллагаар дамжуулахаар хичээж буй нь ниргэсэн хойно нь хашхирав гэдэгтэй адил зүйл. Анх гэрээ байгуулахдаа ийм заалт оруулахад яасан юм бол.
ЗОРИЛГО БА ЭРСДЭЛ
“Оюутолгой”-н санхүүжилтийг Монголбанкаар дамжуулахаар валютын урсгалд сайнаар нөлөөлнө гэсэн зорилго бий. Санхүүжилт нь Монголбанкинд нээх гээд буй төлбөр тооцооны дансанд байршихгүй ороод л, буцаад гарна гэж шинжээчид харж байгаа. Ингэвэл эдийн засаг, валютын зах зээлд ямар ч нөлөөгүй юм. Мөн “Оюутолгой”-н борлуулалтын орлогыг хянах зорилго бий. “Оюутолгой” төслийг хэрэгжүүлж буй “Туркойз хилл ресурс” нь олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, тайлан тооцоогоо улирал бүр олон нийтэд мэдээлдэг компани. Тайлан тооцооноос нь санхүүгийн мэдээллийг нь хянах боломж хангалттай бий. Ингэхээр зарим нэг улстөрчийн зорилгын дэргэд эрсдэл нь том харагдаж байна. “Оюутолгой”-н санхүүгийн гүйлгээг хянахын тулд банкны тогтолцоогоо эвдэх нь, ОУВС-гийн гишүүнчлэлээсээ татгалзаж болзошгүй нь, гадаадын хөрөнгө оруулагчийг үргээх нь, гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоож мэдэх нь. Эцэст нь Ерөнхийлөгчийн санал ерөөсөө буруу гэсэн дүгнэлтэд хүрч байна.