Өмнөд хөршийнхөн сүүлчийн гурван жилийн уйгагүй тэмцлийнхээ үр дүнд Бээжингийн агаарын бохирдлын түвшнийг хэд дахин бууруулж, дэлхийн хамгийн их утаатай улс орнуудын жагсаалтыг өнгөлөхөө болив. Энэ хэмжээнд очихын тулд тэд зоримог, томоохон ажлууд хийсэн. Хорт бодис ихээр ялгаруулдаг үйлдвэрүүдийнхээ хаалгыг нь барьж, утаа сорогч цамхаг байгуулан, тусгай эргүүл ажиллуулсан. Түүнчлэн агаар бохирдуулагч эх үүсвэрүүд (тээврийн хэрэгсэл, цахилгаан станц гэх мэт)-ийг их, бага нөлөөтэй гэж ялгалгүй арга хэмжээ авчээ. Гэвч тэд ингээд санаа амарсангүй. Шаньси, Хенань, Ганьсү, Фужянь мужийн хотуудыг хорт утаанаас чөлөөлөхөөр үзэж тарж байна гэх. 2020 он гэхэд 2000 орчим үйлдвэрийг нүүлгэж, шинэчлэн, үүнээс дутахгүй хэмжээний аж ахуйн нэгжийг бүрмөсөн хааж, зарим бүс нутагт автомашины тоог хоёр дахин багасгах том зорилтуудыг улсынхаа бодлогод тусгажээ.
Өмхий санаатай, хулгайч, тонуулч хэмээн үгийн муухайгаар бид хэлж, ад шоо үздэг хөрш маань утаатай хэрхэн тэмцэх талаар манайханд ийн үлгэрлэж, “хичээл зааж” байна. Хот байгуулалт, хүн амын нягтрал, үйлдвэрлэл, дэд бүтцийн хөгжил зэргээрээ манай хоёр нийслэл хоорондоо тэмээ, ямаа шиг ялгаатай. Гэхдээ нэг л ижил дайсантай.
Утаа тийм ч амар алга болчихдог зүйл биш. Түүнийг бүрмөсөн дарж авахын тулд өвөл, зун, ажил, амралтын үе гэж алгуурлаж, хойш суулгүй тууштай тэмцэх хэрэгтэй. Хятадууд үүнийг үйлдлээрээ үлгэрлэж байна. Тэд дэлхийн хамгийн их утаатай улс хэмээх онцгүй гуншингаасаа салсан ч тэмцлээ үргэлжлүүлсээр. Гэтэл энэ үзүүлэлтээр цойлж яваа монголчууд тайван гэгч нь нойрссоор.
ЭНЭ ӨВӨЛ ЮУ Ч ХИЙХГҮЙ НЬ
Агаарын бохирдлын асуудал хариуцсан байгууллагууд жил жилийн намар хөдөлгөөнд орж, ирэх өвлийнхөө “зурлагыг” зурдаг. Ийм ч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ, агаарын бохирдлын голомт бүхий бүсэд тийм ажил хийнэ гэж энэ үеэс зарладаг. Утаатай тэмцэгчид энэ жил ч уламжлал ёсоороо найм, есдүгээр сарын турш “шоудсан”. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Утаа шүүгч индукцэн төхөөрөмжийг гэр хорооллын 120 мянган өрхөд тараана. Тус бүр нь 250 ам.долларын үнэтэй төхөөрөмжийг 200 ам.доллароор авахаар болж, захиалгаа хэдийн өгсөн” хэмээн шийдэмгий мэдэгдэж, түүний тэргүүлдэг Орчны бохирдол бууруулах үндэсний хорооныхон нь “Гэр хорооллын 60 мянган өрхийг 80 000 тонн сайжруулсан түлшээр хангах туршилтын төслөө есдүгээр сарын сүүлчээс хөдөлгөнө” гэж саймширч, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрынхан ч “Утааг ганцхан аргаар бууруулахгүй. Ус, хөрсний бохирдол, хог хаягдал гээд олон асуудалтай холбогддог. Энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн багц ажлын хүрээнд гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах жишиг төслийг ч намрын дунд сараас хэрэгжүүлнэ” хэмээн ам гарч байсан нь саяхан. Гэвч аль аль нь замхрав. 54 тэрбум төгрөгөөр гэр хорооллынхонд утаа шүүгч нийлүүлэх төслийг Засгийн газар үл зөвшөөрч, цуцлав. Ирэх тавдугаар сараас нийслэлчүүдийг сайжруулсан түлшээр хангах “Тавантолгой түлш” компани Баянхошууны 112 дугаар сургуулийн болон Хөтөлийн автобусны буудалд бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн ч тэдэнтэй хамтрах ёстой БОАЖЯ, ЭХЯ-ныхан үүргээ мартаж орхисноос энэ ажил ямар ч зохион байгуулалтгүй, замбараагүй, туршилтын төсөл бус, ердөө л түлш борлуулах ажиллагаа болж хувирчээ. Ариун цэврийн байгууламж сайжруулах төсөл бүр ч сураггүй. Одоо энэ тухай яриад ч нэмэргүй болсон байх.
Овоо дуу шуутайхан, үе үе мэдээлэл хийж байсан БОАЖ-ын сайд ч Үндэсний аудитын газрынханд баалуулсандаа гомдсон уу, хийхээр төлөвлөсөн том ажил нь (индукцэн төхөөрөмж) нурсанд дургүй нь хүрсэн үү, эсвэл утаанаас дайжсан уу, ойрд таг чиг болов. Яамныхантай нь холбогдоход “Төсвийн тухай хууль хэрэгжтэл мэдээлэл өгөхгүй. Хийх ажил тодорхойгүй байна” гэж ам таглах болов. Иргэний нийгмийн 70 орчим байгууллагынхан саяхан “Амьсгалах эрх, агаарын бохирдлыг бууруулахад иргэний үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд чууллаа. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн, нийслэлийн Байгаль орчны газар болон Агаарын бохирдлыг бууруулах газрын удирдлага энэ үеэр морилсон. Иргэний нийгмийн байгууллагынхан тэднээс “Утаатай тэмцэх чиглэлээр одоо юу хийх вэ” гэж ам асуухад дорвитой хариу хэлчих хүн олдсонгүй. Харин ч “Нэг ажил хийх гэхээр шүүмжилдэг. Үүнээс болоод урагшлахгүй, үр дүнд хүрэхгүй байна” гээд алдаа дутагдлаа иргэд рүүгээ бухаж байв.
Гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа цахилгааны шөнийн хөнгөлөлтийн үйлчилгээ, нийслэлчүүдийг сайжруулсан түлшээр хангах төслийн “оршил”-ыг эс тооцвол нийслэлд энэ өвөл агаарын бохирдол бууруулах чиглэлээр юу ч хийхгүй нь бололтой. Гэтэл Улаанбаатарын агаарын бохирдол ес эхлээгүй байхад л өглөө, оройд хүрэн (бохирдолтой), улаан (их бохирдолтой) түвшинд хүрч байна. Өчигдөр 15.00 цагт Баянхошууны VII хороонд агаарын чанарын индекс хүрэн буюу 366 (501-ээс хэтэрвэл стандарт давсан гэж үздэг) хүрлээ. Агаарын бохирдол хариуцсан байгууллагынхан юу бодож суугаа бол. Та бүхэн өвөл ингэж “амрах” байсан бол урин дулааны цагт ядаж зүгээр суумааргүй байна. Энхийн цагт хөлс их урсгавал дайны талбарт цус бага урсгана гэдэг дээ.
ТООСОНЦОР ҮЙЛДВЭРЛЭГЧТЭЙ ТЭМЦЬЕ
Биднийг ийн агаарын бохирдлоо хэмжиж, гайхаж, шогширч суутал автомашины тоо 900 мянга давчихаж. Энэ янзаараа тээврийн хэрэгслийн тоо хэзээ мөдгүй улсынхаа хүн амын гуравны нэгтэй тэнцэх нь. Учир мэдэх хүмүүс зөвхөн нүдэнд харагдах утааг харж гийнаж гаслахаас илүүтэй үүнд л санаа зовж байна. Учир нь агаар дахь хорт нэгдлүүдээс хүний эрүүл мэндэд хамгийн аюултай гэдэг PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын гол эх үүсвэр нь энэ аж. АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, судлаач Г.Мандухай “Нарийн ширхэгт тоосонцрын 85 хувийг тээврийн хэрэгсэл ялгаруулдаг” гэв. Утаатай тэмцэх зорилгоор ДЭМБ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас манай улсад хэрэгжүүлдэг ихэнх төсөл, хөтөлбөр нарийн, бүдүүн ширхэгт тоосонцрын хэмжээг бууруулахад чиглэдэг гэнэ. Тээврийн хэрэгслийн тоо ийн хурдацтай өсөж буй учир агаарын бохирдол хариуцсан байгууллагынхан зөвхөн гэр хорооллынхонд бус, автомашинд анхаарах цаг болсныг судлаачид хэлж байна. Манайх нийтийн тээврийн автобуснууддаа л сая саяын үнэтэй шүүлтүүр суурилуулдаг. Ингэхдээ бүгдэд нь ч биш 10, 20 ч юм уу, цөөн хэдийг нь “тоноглодог”. Ийм аргаар тоосонцортой тэмцээд үр дүнгүй, харин үүний оронд цахилгаан автомашиныг бодлогоор дэмжиж, тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах шаардлагатай аж.
Тоосонцортой тэмцэх чиглэлээр төр, засаг, утаатай тэмцэгчдийн олж хараагүй, сэдээгүй ажлыг “Ногоон хөгжил, цэвэр агаар, нэг мод” хөдөлгөөнийхөн хийхээр төлөвлөжээ. Тус хөдөлгөөний тэргүүн М.Чулуунбаатар “Бид автомашины ялгаруулдаг утаатай тэмцэхийн тулд “Нэг машин, нэг мод” аян өрнүүлэх гэж байна. Машин барьдаг хүн бүр орчноо цэвэр байлгахад хувь нэмэр оруулж нэг ширхэг мод тарих ёстой. Түүнчлэн зам дагуух газарт мэдээлэл, сурталчилгааны самбар байрлуулна. Иргэд энэ талаар юу ч мэдэхгүй байна. Энэ санаачилгаа нийслэлийн Авто замын хөгжлийн газрынханд танилцуулж, хамтрахаар боллоо” гэсэн юм.
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ҮНДСИЙГ НЬ ХАРАХ ХЭРЭГТЭЙ
Манай улсын агаар гамшгийн хэмжээнд хүртлээ бохирдсон гэдгийг шат шатны байгууллага 2017 онд хүлээн зөвшөөрч, улмаар Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталсан. Утаатай тэмцэгчид юм л болбол “Бид хөтөлбөрийн хүрээнд, дээд байгууллагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байна” гэсэн тайлбар хэлдэг. Энэ хөтөлбөрт 140 гаруй ажил тусгажээ. Гэвч агаарын бохирдол бууруулахтай холбоотой хэсэгт “Яндангийн тоог бууруулна. Нам даралтын зууханд төхөөрөмж суурилуулна. Гэр хорооллын өрхүүдийн ариун цэврийн байгууламжийг сайжруулна, цахилгааны шөнийн хөнгөлөлтийг үргэлжлүүлж, дулааны алдагдлыг бууруулна” зэрэг өнөөх л улиг болсон зүйлсээ тооччихож. Яндангийн тоог чухам яаж бууруулах, үүний тулд юу хийх ёстой, энэ ажлыг ямар байгууллагынхан гардан гүйцэтгэж, хэн хяналт тавих тухай тодорхой мэдээлэл алга. Гэтэл өмнөд хөрш “Фужуо хотын нийтийн тээврийг 2020 оны дөрөвдүгээр улирлаас өмнө бүрэн шинэчилж, байгальд ээлтэй хөдөлгүүртэй болгоно. Тиймээс энэ болон ирэх онд ийм ажил хийнэ” хэмээн бүгдийг тодорхой тусгажээ. Эндээс л манай хоёр улсын ялгаа тод харагдаж байна. Агаар, орчны бохирдолтой тэмцэхэд гол зааварчилгаа болгодог хөтөлбөр нь ийм байхаар энэ чиглэлийн ажил урагшлахгүй байх нь аргагүй юм шиг. “Утааны эсрэг ээж, аавууд” группийнхэн ч иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзахдаа “Сайжруулсан түлшний дээж танилцуулахаас өөр олигтой ажил хийхгүй байна. Үндэсний хөтөлбөр, бодлогоо өөрчлөхөөс нааш утаанд мөнгө хий дэмий “идүүлсээр” л байх нь. Хяналт, хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн нь ч энэ гажуудлыг олж харсны илрэл гэлтэй.
Бэлтгэсэн: С.Танан