ЦЭНДИЙН НАМСРАЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Цэндийн Намсрайн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон үйл ажиллагааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны ивээл доор бүтэн жилийн хугацаанд зохиосон. Хаалтын арга хэмжээ нь түүний намтар, ажил хөдөлмөр, үйл хэргийг дэлгэрэнгүй өгүүлсэн “Монголын улс төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн Цэндийн Намсрай” номын нээлт, хүндэтгэлийн ёслол байв. Тус арга хэмжээний үеэр Ц.Намсрайтай мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байсан нөхөд, удирдлагад нь ажиллаж байсан шавь нар болоод ойр дотнын олон хүн сэтгэлийн үгээ хэлсэн.
Энэ үеэр Монголын өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгч Э.Долгион Ц.Намсрай эрхлэгчийн түүхэн зургуудаар тус холбоо цомог гаргаж БНСУ-д хэвлүүлж байгаагаа уламжилсан юм. Тэрбээр цомгийг өчигдөр Ц.Намсрайн үр хүүхэд, ач зээ нарт нь гардуулан өглөө. Уг цомгийн талаар Э.Долгион хэлэхдээ “Цаг хугацааны хэлхээсийг тодруулсан арга хэмжээ, хандлага, сэтгэлгээ өнөөдөр юу, юунаас илүү хэрэгтэй байна. Өчигдөргүй өнөөдөр гэж байхгүй, өнөөдөргүй маргааш байх боломжгүй. Өдөр тутмын сониныхон энэ л үгийг санаж, ахмад үеэ дурсаж, түүхээс нь суралцаж, хийсэн бүтээснээр нь бахархан, он цагийн хэлхээсийг бэхжүүлэхийг хичээсээр ирсэн. Цаашид энэ зарчмаа баримтлан ажиллах болно” хэмээн ярилаа.