Өвлийн “тренд” сэдэв болох утааны талаар ярилцах үе ирлээ. Өглөө, оройдоо хоолой хорсгож, амьсгалахад бэрх болов. Эрх баригчид, холбогдох албан тушаалтнууд ийм, тийм юм хийлээ гээд л цаасан дээрх ажлаа ам уралдан ярьцгааж, “шоу” хийх үе хэмээн энэ улирлыг нэрлэхэд хэтийдсэн болохгүй. Сүүлийн 20-иод жилийн турш утааг хэдэнтээ дурсаж, арилгахаар хэчнээн төгрөг зарцуулсныг тоочвол цочирдмоор том тоо гардаг. Харамсалтай нь, үр дүн алга. Бид утаанд “ялагдчихаад” байна. Бохир агаараар амьсгалж, ханиад хүрсэн хүүхдүүдийг эмнэлгүүд хүлээн авч дийлэхгүй байх жишээтэй. Өнгөрсөн онд амссан гашуун зовлонгоо өнөө жил давтахгүйн тулд боловсролын болон эрүүл мэндийн салбарынхан ярилцаж байгаад “гэнэтийн бэлэг” барьж сурагчдын нэг сар илүү амраахаар боллоо. Дараагийн жилүүдэд утаатай тэмцэх бус, зугтах, цаг хугацаа аргацаах ямар арга сэдэж алмайруулахыг таашгүй.
Улаанбаатар хот утаатай байгаагийн буруутан нь зуух гээд өнгөрсөн жилүүдэд хуйгаар нь солих аян өрнүүлж, одоо хэр нь үргэлжлүүлсээр. “Утаагүй” гэх зуухыг айлуудад тарааж, янданд нь “маск” зүүлгэсэн юм даг. Гэвч нийслэлийн утаа ихэссэн үү гэхээс багасаагүй. Ингээд холбогдох албанаас дахин судалгаа хийгээд шалтгаан нь нам даралтын халаалтын зуухнууд бололтой гээд эхнээс нь буулгаж эхлэв. 2017, 2018 онд нийтдээ ийм 70 гаруй зуухыг буулгасан аж. Гэвч энэ нь бас л оновчтой шийдэл биш байлаа. Үр дүнд нь иргэд, аж ахуйн нэгжүүд эхнээсээ цахилгаанаар дулаанаа шийдэж, төлбөрөө төлж чадахгүйд хүрэв. Аж ахуйн нэгжүүд цахилгааны хөнгөлөлт эдлэхээр Эрчим хүчний яаманд бөөн бөөнөөрөө хандаж буй сурагтай. Утаатай тэмцэх, агаарын бохирдлыг бууруулах арга олох эрэлд гарсан холбогдох албаныхан өнгөрсөн өвөл “Зуухыг нь сайжруулсан ч түлж байгаа нүүрснээс нь угаар гардаг юм байна” гэж ухаарсан бололтой, нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байх хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн юм. Ирэх оны тавдугаар сарын 15-наас нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй. Түлэхийг ч хориглосон. Ингээд Засгийн газраас 62 дугаартай тогтоол гаргаж, Улаанбаатарын гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах үүрэг холбогдох албаныханд өгсөн. Тогтоол гарснаас хойш арван сар өнгөрөөд байна, тэд юу хийв.
“ШИДЭТ” ТҮЛШ ТУРШИЛТАД ОРЖЭЭ
Тус тогтоолын хоёр заалтыг нийслэлийн удирдлага хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэр нь нийлүүлэлтийг тэнцвэртэй байлгах. Мөн үйлдвэрээс гарсан түлшийг хадгалах агуулах, савыг нь бэлдэж, иргэдэд нүүрснийхээс өндөргүй үнээр борлуулах үүрэгтэй. Өнгөрсөн сарын 27-нд нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, энэ ажлын явцыг сонссон юм. Улаанбаатарын утааг бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах “шидэт” түлшний талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцуулсан. Түүний хэлж буйгаар “Тавантолгой түлш” компани сайжруулсан түлшээ хэдийнэ үйлдвэрлэж эхлэн туршиж буй аж. Улаанбаатар хотын зонхилох салхины чиглэл, агаарын чанарыг хэмжигч суурин харуулуудын хэмжилтийн дүнд үндэслэн хамгийн их бохирдолтой гээд эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн найман хороонд сайжруулсан 80 000 тонн түлш нийлүүлэх гэнэ.
Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гурван агуулах барихаар болжээ. Тэрбээр энэ талаар “Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар нийслэлийн удирдлага шат дараатай арга хэмжээ авч буй. Эхний ээлжинд сайжруулсан түлш нөөцлөх, агуулах болон борлуулалтын судалгаа хийлээ. Төвийн зургаан дүүрэгт 6.9 мянган тонн түлш хадгалах битүү долоо, задгай 108 агуулах байна. Мөн түлш борлуулдаг 533 цэг бий. Эдгээрийн судалгааг гаргаж, байршил, борлуулагч болон борлуулалтын хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийн сан байгуулсан. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар түлшний үйлдвэрүүдэд газар олгосон. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын найман байршилд агуулах барих ажил эхлүүллээ. “Тавантолгой түлш” компани Ухаахудагийн уурхайн угаасан нүүрсээр түлш үйлдвэрлэснийг бид туршиж байна. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл эрэлтээ хангана” гэсэн юм.
ГЭВЧ...
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн танилцуулснаар бүх юм “ок” бололтой. Харамсалтай нь, тийм биш аж. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн “байцаалтад” тэрбээр нэлээд бүдэрч харагдсан. Тухайлбал, Засгийн газрын 62 дугаар тогтоолд сайжруулсан түлшийг нүүрснийхтэй ижил үнээр худалдах ёстой гэж заасан. Гэвч өдгөө үнэ нь тодорхойгүй. Түлшний түүхий эд болох нүүрс нь бараг үнэгүй шахам, харин түүнийг барьцалдуулагч бодис нь нэлээд өндөр өртөгтэй гэнэ. Тиймээс үнэ нь төд байна гээд шууд хэлчих боломжгүй аж. Тогтоол гараад арван сар өнгөрч байхад бүтээгдэхүүний талаарх судалгааг дутуу хийсэн шалтгаанаа тэрбээр тайлбарласангүй. Бүтээгдэхүүний стандарт, чанарт ямар хяналт тавьж буйг түүнээс лавлахад “Гурван лабораторид шинжлүүлж байхаар төлөвлөсөн. Өдөр тутмын бүтээгдэхүүний дээжээс авхуулаад хилээр оруулж буй түүхий эдийг нь ч сайтар шалгахыг зорьж байгаа” гэсэн бүрхэг тайлбар хэлсэн юм. Хэрэв барьцалдуулагч бодис чанар муутай бол утаа бууруулах гэсэн биш иргэдийг химийн бодисоор хордуулах эрсдэлтэй ажээ. Тиймээс сайтар судлах шаардлагатай гэж тэргүүлэгчид үүрэгдсэн. Үүнээс гадна Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт нийслэлийн 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй агуулахынх нь ажлын явцаас авхуулаад багтаамж ямар байх нь “нууц” буйд тэргүүлэгчид шүүмжлэлтэй хандаж байв.
ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ ХОРИГЛОХОД БЭЛЭН ҮҮ
Долоон сарын дараачаас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахгүй. Судалгаагаар гэр хорооллын айл өрхүүд жилд дунджаар 600 гаруй мянган тонн нүүрс түлдэг аж. Халаалтын зуухнуудыг оролцуулбал энэ тоо өснө. Тэгэхээр дунджаар 700-800 мянган тонн түлш үйлдвэрлэж, иргэдэд нийлүүлж байж түүхий нүүрсийг бүрмөсөн “халах” боломжтой гэсэн үг. Гэвч өдгөө үйлдвэрүүд жилд хэдий хэмжээний түлш үйлдвэрлэхийг хэлэх албан тушаалтан алга. Өнгөрсөн 2014-2015 оны онд ийм сайжруулсан түлш худалдаанд гаргаж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авч байсан. Гэвч худалдах цэгүүд алс, иргэд мэдээлэлгүйн улмаас үр дүнд хүрээгүй, тэгсхийгээд л иргэд нүүрсээ түлж эхэлсэн. Тэгвэл энэ удаа ч ийм эрсдэл үүсэж мэдэх нь.
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцын мэдээллийг сонсох үеэр холбогдох албаныхнаас түлшийг айл өрхүүдэд хэрхэн хүргэх талаар лавлаж байв. Гэвч нэр бүхий албан тушаалтнууд “Нийслэлд нүүрс худалддаг 533 цэг бий. Ямар байдлаар худалдахаа судалж байгаа” гэхээс өөр үг унагаагүй. Сайжруулсан түлшний үнэ, худалдах цэгүүдийг тодорхой болгож, иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх, мөн сайжруулсан түлш үйлдвэрлэх үйл явцад хяналт тавих үүрэг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан өгнө лээ. Мөн тэмдэглэлээр үүрэг болгосон ажлуудыг судалж, энэ онд багтаан тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах чиглэл өгсөн.
Нүүрсийг хэрэглээнээс “халж”, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шидэт түлшний үйлдвэрлэл “түүхий” байна. Засгийн газрын тогтоол хөрсөнд буух, эсэхийг энэ өвөл дүгнэх биз ээ.
Бэлтгэсэн: Г.Сарнай