Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт орших Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэж, БНХАУ-ын хилийн Ганцмодны боомтод хүргэдэг жолооч нар хэрхэн ажиллаж, амьдарч байгааг сурвалжлахаар нийслэлээс хөдөлсөн юм. Тус замд олон хоног дугаарлаж, тээвэрт явж буй жолооч нарын амьдралыг “Өнөөдөр” сонин арваннэгдүгээр сарын 29, 30-ны дугаартаа цувралаар нийтэлсэн билээ. Тус сурвалжилгын сүүлчийнхийг хүргэж байна.
Амьтай, голтой амьтан тэсэхийн аргагүй битүү манантсан мэт хөрсний сул шороо, нүүрсний тортог үргэлж пургиж, машины дугуй, хүний хөлөөр агаарт дэгдэж буй нь Цагаанхадны өдөр тутмын үзэгдэл. Жолооч нарын хэлж заншсанаар “шороодох” арга тэндхийн хөрсийг сул шороогоор хучих шалтгаан болжээ. Хэдий зовж, зүдэрсэн ч гайгүй хэдэн төгрөгийн цалинтайг ам дамжин сонсож, биедээ зөвлөснөөс тэр үү, тийшээ чиглэх жолооч нарын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн гэнэ. Ялангуяа сүүлийн хоёр жилд эрс олширсон нь хилээр нэвтрэх дугаарлалтаас анзаарагдаж буйг жолооч нар хэлсэн.
Урьд нь энэ замд хятадууд тээвэр хийдэг байжээ. Монголчууд тээвэрт явж эхэлснээс хойш 14 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тус замд золгүй осол, хүн амины хэрэг, биеэ үнэлэлт, архидан согтуурах явдал газар авч, нэг ёсондоо муу муухай бүхний үүр болсон байсан гэхэд хилсдэхгүй. Харин 2017 оны хоёрдугаар сард гэрээт цагдаагийн тасаг байгуулагдсанаар жолооч нар “хөлөөрөө толгой хийх” нь бага ч болов хумигджээ. Үүнээс өмнө уг нь Өмнөговь аймаг, Улаанбаатар хотын цагдаагийн газрынхан ээлжилж үзлэг шалгалт хийдэг байжээ. Гэсэн ч бодит байдалтай төдийлөн танилцаж, тэндхийн амьдрал хэрхэн өрнөдгийг мэдрээгүй байх.
Гашуунсухайтын боомтын гаалийн ажилчдын байр
САЙНЫ ХАЖУУГААР СААР
Амьдрал эрээнтэй, бараантай. Амьдрахын эрхэнд гэр бүл, үр хүүхдээ орхин хэцүү бүхнийг давж, хоногийн хоолоо залгуулж буй нэгэн байхад, олсон хэдийгээ юунд ч хамаагүй зарж, өдөр хоногийг аргацаадаг нь ч бий аж. Гэрээт цагдаагийн тасгийн дарга н.Энхболдын мэдээлснээр энэ оны эхний 10 сарын байдлаар зам, тээврийн ослоор нийт есөн хүн, архины хордлого болон бусад шалтгаанаар дөрвөн хүн амиа алдсан гэдгийг өмнөх сурвалжилгадаа дурдсан. Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусадтай маргаж, зодолдох гэх мэт шалтгааны улмаас таван хүн нас баржээ. Тус газарт гардаг дийлэнх хэрэг нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн асуудал. 12 500 орчим жолоочийн олонх нь компанийн машин барьдаг. Эдгээр компани нь Монгол Улсад бүртгэлтэй, БНХАУ-ын иргэний нэр дээр байдаг учраас жолооч нарт тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал огт хамаагүй гэсэн шиг, биенийхээ урдуур дайрч, шүргэлцэх, мөргөлдөх бол энгийн үзэгдэл ажээ. Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зодолдож, нэгэндээ мэс хүргэх нь байдаг л зөрчил болсон мэт. Ямар сайндаа л “Ах нь хүн хутгалчихлаа” гэсээр цагдаагийн тасагт өөрөө орж ирэх вэ. Мөн хүний газарт, хүнд хөдөлмөр эрхэлж байгаа нөхрөө эргэж очсон эмэгтэй “Нөхөртөө зодуулчихлаа” гэсээр орж ирэхтэй ч таарав.
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ ХЭРЭЭС ХЭТЭРЧЭЭ
БНХАУ-ын Ганцмодны боомт манай Гашуунсухайтаас хүн ам олонтой, төвлөрсөн хот. Тэнд худалддаг зүйлсээс бараг хамгийн хямд нь л архи аж. Жолооч нарын хэлснээр 100 юань буюу 3500 орчим төгрөгөөр нэг шил архи авч уух боломжтой. Зарим нэг нь зам зууртаа архи ууж яваад хордлогод орох нь элбэг аж. БНХАУ нүүрс авахаа больж машинуудын урт дараалал үүссэн үед согтууруулах ундааны хэрэглээ эрс нэмэгдэж, үүнийг дагаад гэмт хэргийн тоо ч өсдөг талаар цагдаагийн алба хаагчид хэлэв. Сурвалжилга хийхээр очиход автомашинууд олон хоногоор дугаарлаж, БНХАУ нүүрс худалдан авах нь багассан үе таарсан тул Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй архи, согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийг тодорхойгүй хугацаагаар согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглосон захирамж гаргасан юм.
Үүнээс гадна жолооч нарын олсон хэдэн төгрөгийг хуваалцах гэсэн биеэ үнэлэгч ч олон байж. Гэрээт цагдаагийн тасаг байгуулагдаж, ажлаа эхлүүлснээс хойш 100 гаруй биеэ үнэлэгчийг Улаанбаатар руу буцаасан талаар тус тасгийн албан хаагчид хэлсэн. Түүнээс өмнө биеэ үнэлэгч нар Улаанбаатараас автобус автобусаар ирж, шөнийн цагаар жолооч нарын автомашины хаалгыг нүдэж, хоргоодог байсныг таслан зогсоожээ.
“ЦӨЛӨГДСӨН” АЛБАН ХААГЧИД
Гашуунсухайт боомтод гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэргийнхэн, Цагаанхаданд цагдаагийн тасгийн алба хаагчид ажиллаж буй. Тангараг өргөж, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө хүчээ өгөн ажиллаж байгаа тэдний амьдрах нөхцөлийг хангах ёстой баймаар.
Цагаанхадны гэрээт цагдаагийн тасагт 20 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Тэдний 80 хувь нь Улаанбаатар хотоос, үлдсэн нь бусад аймгаас томилогдож иржээ. Ажил, үүргийн дагуу гарсан хэрэг, зөрчлийг дор бүрт нь шийдвэрлэх үүргийнхээ хүрээнд тэд архи ууж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж буй нэгнийг эрүүлжүүлж, саатуулах шаардлагатай байнга тулгардаг аж. Гэтэл тэдэнд саатуулах байр байхгүйгээс өөрсдийнхөө амрах байр буюу гэртээ байрлуулж, “түр саатуулаад” буцаадаг юм билээ. Зарим тохиолдолд батлан даалтаар гаргаад явуулахаар “Цагдаа нар ажлаа хийдэггүй, суллачихлаа” гэх гомдол тасардаггүйг ч албан хаагчид хэлсэн. Тэд хааяа нэг тохиох, бүх нийтийн амралтаар л гэртээ харина. Гэсэн ч газар хол, ирэх, очих замдаа л хоёр хоног зарцуулах тул тэр бүр харих боломжгүй аж. Гурван жилийн гэрээгээр томилогдож очсон тэд буцах өдрөө хоног тоолон хүлээж суугаа нь алба хааж буй цэргүүдийг санагдуулна.
Манай улсад хилийн 25 боомт бий. Эдгээрээс уул уурхайн баяжмал нэвтэрдэг хамгийн том боомт нь Гашуунсухайт. Гэтэл тэнд ажиллаж буй алба хаагчдын амьдралын нөхцөл маш хүнд. Хилийн боомтын ойролцоо 20 км дотор худалдаа, үйлчилгээ явуулахыг хориглодог тул ганц ч дэлгүүр хоршоо, эмийн сан байхгүй. Боомтын ойр орших Цагаанхаднаас ч дор гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн хавар Монгол Улсын Ерөнхий сайд ирж, тэдний ажил, амьдралтай танилцаад “Ёстой л мартагдсан газар байна” хэмээгээд буцсан гэнэ. Гэтэл буцах замдаа бас л тэднийг мартсан бололтой.
Боомтын урдхан талд нэг давхар сендвичин барилга харагдсан нь гаалийн ажилчдын байр аж. Тэд тавхан шоо метр хэмжээтэй нэг өрөөнд хоёулаа хамт амьдардаг юм билээ. Сендвичин барилга учир дотор нь хоол хийж идэх боломжгүй. Бас төвийн халаалтгүй тул өрөө бүртээ цахилгаан халаагуур асаасан байв. “Говийн дулаанд л өвөлжиж байна” хэмээх тэд цахилгаан халаагуурын сөрөг, муу талыг бодох ч сөхөөгүй байгаа бололтой. Хаяанд нь орших Цагаанхаданд байгаагүй гэрэл, цахилгаан тус боомтод байх бөгөөд БНХАУ-аас татдаг гэнэ. Гэрэл цахилгаан, ажилчдынхаа амьдрах нөхцөлийг гаргуунд нь гаргасан ганц боомт тэнд л байгаа сурагтай. Гашуунсухайтаас цөөн хүнтэй, хөл хөдөлгөөн багатай боомтод ажилладаг төрийн албан хаагчид үүнээс ч хангалуун, хоёр давхар орон сууцанд амьдардаг гэдгийг саяхан шилжиж очсон байцаагч нар хэлж байлаа.
Тэд цагдаагийн албан хаагчдын адил Улаанбаатар хотоос томилогдож очсон бөгөөд 30 хоног ажиллаад 10 хоног амрах эрхтэйгээрээ давуу талтай аж. Гэхдээ зөвхөн байцаагч нар л тийм амралт эдэлнэ.
Хориотой бараа тээвэрлэх, орж, гарахад нь хатуу хяналт тавьдаг онцгой, хариуцлагатай тэдэнд богино холбооноос өөр ажлын багаж алга. Аль ч боомтоор, бүр Улаанбаатар хотын зарим албан газрын үүдэнд байдаг рентген төхөөрөмж ч байхгүйг хараад гайхав. “Байнга л эвдэрдэг байсан. Өнгөрсөн жил бүр засагдахааргүй эвдэрсэн” гэх улсын байцаагч Ж.Жамъянсэнгэ “Бид чемодан ухдаг жишгээрээ л шалгалт хийсээр байгаа” гэсэн юм. Энэ мэтээр тэдний амьдрал Гашуунсухайтын боомтод урссаар байна. Улсаас томилогдсон, эсвэл өөрсдийн хүсэлтээр очсон тэднийг төр, засгаас огт анхаардаггүй нь тэнд ажилласан хоёр өдөрт харсан энэ мэт зүйлээс тодорхой байв. Ашгийг нь авах гэсэн төр, засгийнхан, түүгээр тээвэр хийж, мөнгө олох гэсэн компаниудын эзэд, бор зүрхээрээ амьдарч яваа ажилчид, албан хаагчдынхаа амьдралын бодит байдлыг эргэн харах цаг нь нэгэнт болжээ.