Улаанбаатар орчимд 2005 оноос хойш газар хөдлөлийн идэвхжил эрчимтэй ажиглагдсан шалтгааныг хотын эргэн тойронд бүртгэгдсэн зургаан том хагаралтай холбон тайлбарлаж байв, мэргэжилтнүүд. Гэтэл долоо дахь хагарлыг энэ жил Японы эрдэмтэд илрүүлсэн нь Улаанбаатар хотын яг дундуур дайран өнгөрсөн 50-иад км урт“шинэ голомт” аж. Тодруулбал, Налайхын Хонхор орчмоос эхлээд Улаанбаатар хот дундуур дайрч, Нарангийн энгэрийн хогийн цэг хүртэлх 50-иад км газрыг хамарсан эл хагарал нь 1000 гаруй жилийн настай болов уу гэж урьдчилан тогтоожээ. Насжилтыг нь судалгаагаар эцэслэн тогтоож амжаагүй байгаа ч үүний улмаас газар шилгээвэл долоон магнитудын хүчтэй байна гэдэг дээр гадаад, дотоодын эрдэмтэд санал нийлсэн гэнэ. Долоон магнитудаас дээш хүчтэй газар хөдлөхөд газар эвдэрч цуурдаг гэсэн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл Улаанбаатар хотыг зүүн урдаас нь баруун хойшоо чиглэлд хоёр хуваахуйц хэмжээний томоохон хагарал илэрсэн гэсэн үг. Чухам хэзээ вэ гэдэг л оньсого мэт олон нууцыг өөртөө хадгалж байх шиг.
АНУ-ын Аляска мужийн Анкориж хотод энэ сарын 1-нд долоон магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас олон зам, гүүр эвдэрч, байшин барилгуудад эвдрэл гарсан тухай мэдээллийн томоохон агентлагууд сонордуулж байна. Тус хот нь угийн газар хөдлөлийн голомтот нутаг учраас байшин барилга, зам, гүүрүүдээ байгалийн гамшгийн үед хамгийн тэсвэртэй байхаар тооцож барьдаг аж. Харин Улаанбаатар хотод 6.5-7.6 баллын хүчтэй газар хөдлөхөд нийт барилга байгууламжийн 20-50 хувь нь нурж, 200-300 мянган хүн энэхүү байгалийн гамшгийн хохирогч болж, 30-60 мянга нь нас барах магадлалтайг ЖАЙКА олон улсын байгууллагаас 2013 онд ОБЕГ-тай хамтарсан газар хөдлөлтийн гамшгийн үнэлгээгээр тогтоосон.
Хустайн болон Эмээлтийн хагарал, Шархай, Авдар уулын хагарал, Гүнжийн хагарал, Мөнгөнморьтын гээд Улаанбаатарыг тал талаас нь “бүсэлсэн” зургаан хагарал дунджаар 6.5-7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлийн улмаас үүсчээ. Багажинд тэмдэглэгдсэн газар хөдлөлтийн голомтын хүчийг тоон хэмжигдэхүүнээр илэрхийлснийг магнитуд гэх бөгөөд дээр дурдсанчлан Анкориж хотынх шиг долоон магнитудын хүчтэй газар хөдлөхөд голомтон дээрээ 10 баллын хүчтэй чичиргээ үүснэ. Өөрөөр хэлбэл, манай нийслэлд 3-4 баллын хүчтэй газар хөдлөхөд ерөнхий боловсролын 29 сургууль, 46 цэцэрлэг, 30 эмнэлгийн барилга нурах аюултай гэсэн таван жилийн өмнөх дүн мэдээлэл илүү ноцтой тал руугаа хэлбийнэ гэсэн үг. Гэхдээ энэ бүхэн Улаанбаатар хотод томоохон хэмжээний гамшиг болохыг зөгнөж, ёрлоод байгаа хэрэг огт биш бөгөөд “муу эр дайнд хөөрөх”-ийн үлгэр эхлүүлэхийг бүр ч хүсээгүй билээ. Гагцхүү газар хөдлөлийн идэвхжил эрчимтэй ажиглагдаж буй голомтуудад ямар ямар судалгаа шинжилгээ хийж байгаа, болзошгүй эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, гамшгийн үед яаж аюулгүй байдлаа хангах вэ гэдгийг бодолцоосой гэсэн үүднээс хөндөв.
Улаанбаатарыг тойрсон өмнөх зургаан хагарлаа ч манайхан бүрэн судалж, насжилтыг нь эцэслэн тогтоож амжаагүй байхад долоо дахь нь гараад ирлээ. Огт мэдэхгүй, нууц байснаас ингээд илрүүлсэн нь мэдээж сайн хэрэг л дээ. Бидний аз болоход америкчууд 1960-аад онд тагнуулын зорилгоор авч байсан маш сайн нарийвчлалтай сансрын зургуудаа нууцын зэрэглэлээс гаргасны дунд (2011 онд) Улаанбаатар орчмын энэхүү зураг байсныг япон эрдэмтэн худалдаж авсан байжээ. Тухайн үед хотын зүүн талаар эл хуль, суурьшлын бүс бий болоогүй байсан тул хүчтэй газар хөдлөлийн улмаас үүссэн “шарх” нь сансрын зурганд тодрон гарсныг гярхай япон ажиглаад, өндөр үнээр (нэг планыг л 30 ам.доллараар зардаг бөгөөд олон хэсгийг зүүж байж нэг зураг болдог) худалдаж авсан гэдэг. Ингээд МУИС-ийнхан Японы эрдэмтэдтэй хамтран, Улаанбаатар хотын газар хөдлөлийн эрсдэлийн үнэлгээ хийх судалгааны явцад энэхүү хагарлыг илрүүлж, мэргэжилтнүүдийн анхаарлын төвд оруулжээ.
“Шинэ хагарал илрүүлнэ гэдэг бол өнөө маргаашгүй, эсвэл ойрын 50, 100 жилд газар айхтар хүчтэй хөдөлнө гэсэн үг биш. Энэ хагарлууд хэр их аюултай вэ гэдгийг илүү нарийн судалгаагаар тогтоох ёстой. Улаанбаатар хот орчимд хүчтэй газар хөдлөлүүдийн давтамж ямар хугацаанд болдгийг хараахан гүйцэд тогтоогоогүй л байна. Монголын баруун хэсэгт хүчтэй газар хөдлөлүүд удаа дараа болж байсан учраас гадаад, дотоодын эрдэмтэд судалгаа сайн хийсэн. Тухайлбал, 1957 онд Говь-Алтай аймагт газар 8.1 магнитудын хүчтэй хөдөлсөн шиг гамшигт үзэгдэл тэр орчимд дахиад 2500-3000 жилийн дараа давтагдана гэдгийг судлаачид тогтоочихсон. Гэтэл төв болон зүүн зүгийн нутгаар газар хөдлөлийн идэвхжил ямар байгаа нь тодорхойгүй. Тэр тусмаа Улаанбаатар хот орчмын хагарлуудын насжилтыг нарийн тогтоож, газар хөдлөлийн давтамжийг тодорхойлоогүй байгаа нь өөрөө асуудал. Миний бодлоор одоо манайхан дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтэн судлаачдыг урьж авчраад, Улаанбаатар орчмын газар хөдлөлийн идэвхжил, хагарлуудыг иж бүрэн судлуулмаар байна” хэмээн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлах салбарын дарга, доктор М.Өлзийбат ярилаа. Хагарал эртнийх байх тусмаа л аюулын дохио ойртож буй гэсэн үг аж.
2005 оноос Улаанбаатар орчимд газар хөдлөлийн идэвхжил эрчимжсэн гэдэг нь хий хоосон сүржигнэл ч бас биш аж. Газар хөдлөлийг бүртгэх хамгийн анхны, өндөр мэдрэгчтэй таван станцыг нийслэлд 1994 онд суурилуулснаас хойш төхөөрөмжүүд яг байрандаа, тоо ёсоороо 11 жил ажиллахад өнөөгийнх шиг хүчтэй идэвхжил ажиглагдаагүй гэнэ. Гэтэл 2005 оноос хойш 3.5 магнитудаас дээш буюу хүнд мэдрэгдэхүйц хүчтэй газар хөдлөлт Улаанбаатарт 4-5 удаа болсон нь аюулын харанга гэдгийг тэрбээр онцолсон. Хэдийгээр манай төр, засаг энэ чиглэлд айхтар гар татахаа больсон ч бусад улс оронтой харьцуулахад дэндүү чамлалттай, учирч болзошгүй аюулт хугацааг багцаалахад хэтэрхий оройтож мэдэхээр байгааг нуусангүй. Наад зах нь, хагарлын төрлүүд болоод шилжилт хөдөлгөөнийг сайн тогтоож, хугацааг нь нарийн гаргахын тулд хэд хэдэн газарт шуудуу ухаж, судалгаа хийх шаардлага тулгардаг байна. Өнөөдөр бид зуслангийн газартаа нэг жорлонгийн нүх ухуулахад 3-4 сая төгрөг төлдөг. Гэтэл судалгааны зориулалтаар 2-3 метр өргөн, 100 метр урт ганц шуудуу ухаж, хөрсний зураглал гаргахад хэдий хэмжээний зардал гарах нь ойлгомжтой. Золоор шинэ хагарлын эхний шатны судалгааны дийлэнх зардлыг Японы тал дааж байгаа учраас одоохондоо манайхан толгойгоо гашилгахгүй байж болох ч цаашид энэ янзаараа хэр удаан явах билээ.
2011-2013 онд төр, засгаас хөрөнгө мөнгийг нь гайгүй сайн шийдэж өгсний ачаар өдгөө Улаанбаатар хотыг тойроод 30-аад станц ажиллаж байна. Гэвч яг нийслэлийн орчим дахь долоон хагарлаас үүдэлтэй газар хөдөлсөн тохиолдолд олон нийтэд зарлан мэдээлэх станцын дуут дохио хангинахгүй. Улаанбаатараас багадаа 200 км зайтай голомтод газар хөдөлсөн тохиолдолд л дуут дохио нийслэлчүүдэд сонсогдох учраас хотын ойролцоо хэчнээн станц байгуулаад ч нэмэргүй гэнэ. Дуут дохионоос нь урьтаад аль хэдийн чичирхийлэл “морилоод” ирчих учраас энэ тохиолдолд яаж урьдчилан таамаглаж, ард иргэдэд мэдээлэл хүргэх вэ гэдэг судалгаа хийж байна гээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзлээ, манайхан.
Ямартай ч нийслэл орчмын газар хөдлөлийн эрсдэлийн судалгааны дүнгээ талууд хотын захиргааныханд хүлээлгэн өгсөн гэнэ. Улаанбаатар хот нь 8-10 баллын хүчтэй газар хөдлөлийн идэвхжилтэй бүс гэдэг нь тодорхой болсон тул бүхий л шатанд аюулгүй байдлыг сайтар бодолцож, барилга байшингуудын норм дүрэм, стандартыг хангуулахад анхаарахыг сануулжээ. “Би хотын аль хэсэгт байр худалдаж авбал, эсвэл байшин баривал аюул багатай вэ” гэж амин хувиа хичээхээс урьдаар норм дүрмээ ягштал баримтлах нь хамгийн чухал аж. Учир нь газар эх нэг шилгээхээ хүрвэл Улаанбаатарыг тэр чигт нь хөмөрчихөж ч мэдэх нигууртай гэх.