АТГ-ын ажилтнууд сүүлийн хэдэн өдөр цаг сунган өдөр, шөнөгүй ажиллаж байна. Учир нь, олны анхаарал татсан дуулиан шуугиантай томоохон хэргүүдийг энэ ондоо багтаагаад прокурор, шүүхийн хяналтад шилжүүлэхээр бэлтгэж буй аж. Үүний тод жишээ нь сүүлийн хэдэн сар чимээгүй байсан Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэгт шалгуулж буй “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Тагнуулын болон Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан нар АТГ-т очиж хавтаст хэрэгтэйгээ танилцах, нэмж тайлбар өгөхөөр өчигдөр 16.00 цагийн үед орсон юм. “Оюутолгой” төслийн хүрээнд Засгийн газар, гадаадын хөрөнгө оруулагчидтай 2009, 2015 онд гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган, татвараас нь чөлөөлж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт дээрх хоёр хүнээс гадна 2014-2016 оны Засгийн газрын тэргүүн асан Ч.Сайханбилэг, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт нарыг шалгаж байгаа билээ.
Мөн Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн хэд хэдэн хэргийг шалгаж дуусаад шүүхээр шийдвэрлүүлэх саналтайгаар АТГ-ынхан нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүлсэн байна. Хөгжлийн банкнаас олгосон 400-гаад төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг тус газрынхан шалгасан бөгөөд нийт найман тусдаа хэрэг нээн шалгаснаас хоёрыг нь шүүхээр шийдвэрлэсэн юм. Харин өдгөө дахин хоёр үйлдэлд холбогдсон хүмүүсийн хэргийг шилжүүлжээ. Өдгөө мөрдөн байцаалтад дөрвөн хэрэг байгаа гэнэ.
Шилжүүлсэн хоёр хэргийн нэг нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан “Фортуна” хэмээх Н.Батбаяр нарт холбогдох үйлдэл. Түүнийг эрх мэдлээ урвуулан Халзанбүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн автозамын төсвийг хэлэлцүүлэх үед “Монроуд” ХХК-д давуу байдал олгож, улсын төсөвт хоёр тэрбум 35 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татсан юм. Нөгөө нь Эрчим хүчний сайд асан М.Сономпил “Залуу Монгол”-ынхоо дансаар их хэмжээний авлига авсан хэрэг. Хөгжлийн банк 2016 оны арваннэгдүгээр сарын 30-нд зургаан их наяд төгрөгийн зээл олгосноос улсын төсвийн орлогоос эргэн төлөгдөх нь гурван их наяд байсан. Харин тус банкнаас шууд санхүүжүүлсэн Хөх цавын цемент, Байшин үйлдвэрлэх комбинат гэх мэт төслийг санхүүжүүлсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олгохдоо холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн их хэмжээгээр гаргасан үйлдэлд улс төрийн албан тушаалтнууд оролцсон байдаг. Хөх цавын цементийн үйлдвэрийн төслийг МАК компани хэрэгжүүлсэн бөгөөд шалгалтаар зээлээ зориулалтын дагуу зарцуулж, хуваарийн дагуу төлж байгаа учир хэн нэгэнд хариуцлага тооцохгүй гэнэ. Нөгөө хоёрт нь ч мөн адил хэн нэгнийг эрүүгийн хариуцлагад татаагүй байна.
Г.Равжаа