Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах зорилготой “Гинжийг тасал-2” нөлөөллийн кампанит ажлыг "Хөөрхөн Зүрх" ТББ-аас санаачлан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр 2 дахь жилдээ үргэлжилж байна.
Энэхүү кампанит ажлын хүрээнд Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газартай хамтран "ЭЕРЭГ ЦЭНЭГ" манга номыг гаргаад байна. Тус манга ном нь залуучуудын дундах жендэрт суурилсан хүчирхийлэл тэр дундаа бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн болон бэлгийн хүчирхийллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, үүнээс сэргийлэх мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой юм. Уг манга номын нээлтийг бид жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохиогддог “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг угтан өнөөдөр зохион байгуулах гэж байна. Манга номоор дамжуулан цаашид нийт 2,000 гаруй залууст хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү ном нь залууст үнэ төлбөргүй тараагдах бөгөөд уг номын нээлтэд оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй байх юм байна.