Амьдралын хатууг төрөхөөсөө л мэдэрсэн О.Ундрал охин өдгөө долдугаар ангийн сурагч. Ээж нь төрхийн хүндрэлээр нас барж, бүтэлттэй төрсөн түүнд эмч нар хиймэл амьсгаа хийхдээ алдаа гаргаснаас цээжин хэсгийнх нь яс цөмөрчээ. О.Ундрал үүнээс болж тавтайгаасаа 12 нас хүртлээ нийт зургаан удаа мэс засалд орсон байна. Ирэх хоёрдугаар сард долоо дахь мэс засалдаа орох гэнэ. Монголд хийх боломжгүй учраас БНСУ-д хагалгаа хийлгэх бөгөөд зөвхөн мэс заслын зардалд л 100 сая төгрөг хэрэгтэй аж. Тиймээс 33 дугаар сургуулийн 7е ангийн найзууд нь түүний эмчилгээний зардалд нэмэр болохоор гар урлалын зүйлс урлах болжээ.
Үсний даруулга, боолт, хавчаар, бугуйвч, саван гээд тэдэнд хийгээгүй зүйл ховор гэнэ. Түүнийг нь сургуулийнхан нь худалдаж авч байгаагаас гадна “Гүрэн” дээд сургуулийнхан нэг сая төгрөгөөр авахаа амласан гэдгийг 7е бүлгийнхэн баяртайгаар дуулгасан. Найзынхаа төлөө тэдний хийж буй ажил үүгээр дуусахгүй. Ирэх сард сургууль дээрээ хандивын тоглолт зохион байгуулах юм байна. 3000 гаруй сурагчтай тус сургуулийн урлагийн танхимд нэг удаа тоглолт хийгээд бүгдийг нь хамруулж чадахгүй учраас тэд нэг өдөрт дөрвөн удаа тоглохоор төлөвлөжээ. Ганц 7е бүлгийнхэн бус, О.Ундрал охинд туслах хүсэлтэй бусад ангийнхан болон СУИС-ийн хамт олон урлагийн тоглолтод оролцох аж.
Сурагчдын гар урлал хийх материалуудыг нь эцэг, эх нь авч өгч, тусалж буй гэдгийг тэдний бага ангийн багш Р.Нандин-Эрдэнэ хэлсэн юм. Тэрбээр “О.Ундрал нэгдүгээр ангид орохдоо л их бие муутай хүүхэд байсан. Бараг ганцаараа явж чаддаггүй. Манай анги дөрөвдүгээр давхарт хичээллэдэг байсан учир эхний жил байнга тэвэрч ангидаа оруулдаг байв. Заримдаа өвөр дээрээ суулгаад хичээлийг нь хийлгэнэ. Хоёрдугаар ангид орохдоо ганцаараа явдаг болсон. Ангийнхан нь хувцсыг нь өмсүүлж, цүнхийг нь бариад, ээлжилж гэрт нь хүргэж өгдөг байлаа. Бид бүгд О.Ундралдаа хайртай” гэсэн юм. Мөн 7е ангийн багш Г.Пүрэвбаяр “Шавьдаа туслах ажлаа өнгөрсөн есдүгээр сард эхлүүлсэн. Хүүхдүүд дуртай хүлээж авсан юм. Өнгөрсөн долоо хоногт хандивын данс нээснээс хойш өдгөө 11 сая төгрөг цуглараад байна. О.Ундралын хийлгэх мэс засал маш хүнд юм билээ. Бид О.Ундралынхаа эрүүл мэндийн төлөө чадах бүхнээ хийнэ” гэлээ.
Бэлтгэсэн: У.Тэргэл