Орос, Монголын бизнес эрхлэгчдийг холбох, улс болон бүс нутаг хоорондын гадаад худалдааг өргөжүүлэх зорилготой “Азийн хаалга-2018” олон улсын үзэсгэлэн, бизнес уулзалт өнөөдөр эхэлж байна.
Үүнд ОХУ-аас газар тариалан, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 40 гаруй компани оролцохоос гадна Бүс нутгийн зураачдын нийгэмлэг, Эрхүүгийн соёл, урлагийн чиглэлийн ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл оролцох гэнэ. Тус арга хэмжээг 29 дэх удаагаа зохион байгуулж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд хойд хөршөөс 850 орчим аж ахуйн нэгж Монголын хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ сурталчилжээ.
Тэднээс 10 орчим хувь нь тогтмол үйл ажиллагаа явуулах болсон аж. Түүнчлэн Эрхүү мужийн нийт экспортын 68 хувь нь манай улсад ногдож буй гэв. Харин хойд хөршид Монголд үйлдвэрлэсэн шар айраг, сүлжмэл эдлэл, мах зэрэг бүтээгдэхүүн амжилттай “нутагшжээ”. Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ маргааш өндөрлөнө.
С.Цэрэндулам