Хүн ам нь олширч, “даац нь хэтэрсэн” нийслэлийн минь захирагч, албан тушаалтнууд арай гэж л ухаан орох шиг болов. Учир нь иргэдээ ая тухтай биш юм гэхэд, аюулгүй зорчих орчин бүрдүүлж эхэллээ. Үүний нэг жишээ нь “Явган хүний зам” аян. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилт дэвшүүлэн, явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил хийж буйн нэг нь энэ. Үүний хүрээнд зөвшөөрөлгүй барьсан хашаа, барилгын өргөтгөлийг буулгах ажил өнгөрсөн есдүгээр сараас эрчимжсэн билээ. Одоогоор 10 гаруй байршлын 25 объектыг чөлөөлжээ. Тэдгээр байршилд Хот тохижилтын болон Улаанбаатар зам засвар, ашиглалтын газрынхан явган хүний зам барьж буй.
Иргэдэд хамгийн сүр, дуулиантайгаар мэдэгдсэн нь “Бест вестерн премьер Туушин” зочид буудлын урд талбайг чөлөөлж, зөвшөөрөлгүй барьсан авто зам, шатыг буулгасан. Эл асуудлын талаар “Хүний өч төчнөөн хөрөнгийг нэг л өдөр буулгачихлаа” хэмээн халаглах хэсэг хүн байхад “Ашгүй явах замтай боллоо” гэж баярлах нь ч байсан юм. Эл ажил өдгөө ч үргэлжилсээр. Зөвшөөрөлгүй газарт хайс, хашаа татаж, өргөтгөл барьсан аж ахуйн нэгжүүдэд зам чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлснээс хойш 7-10 хоногийн дотор шаардлагыг биелүүлэхгүй бол тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр албадан чөлөөлөх ёстой. Гарсан зардлыг нь зөрчил гаргасан байгууллагаар төлүүлдэг. Тэгвэл явган зам чөлөөлөх тухай албан мэдэгдэл хүлээн авсан байгууллагуудын олонх нь өөрсдөө зам чөлөөлөхөөс татгалзаж буй аж. Тиймээс нийслэлийн Газрын албаныхан албадан чөлөөлөхөөс өөр аргагүйд хүрчээ.
Уг нь хуульд зааснаар явган хүний зам 1.5 метр өргөнтэй байх ёстой. Гэтэл зарим аж, ахуйн нэгж байгууллага нэр зүүх төдийд оромдоод хаях нь энүүхэнд.
Зам чөлөөлөх ажил эхэлснээс хойш нийслэлийн Газрын албанд олон иргэн хандах болжээ. Тэд чөлөөлөх шаардлагатай зам хаана байгааг “ховлодог” гэнэ. Үүний нэг жишээ нь, Хан-Уул дүүргийн II хороонд байрлах 52 дугаар сургуулийн арын явган хүний зам. 19 дүгээр хорооллын 33 дугаар байрны нэг давхраас өргөтгөл гарган, уушийн газар байгуулсан нь явган хүний замыг хаажээ. Эл өргөтгөлийг бариад 4-5 жил болсон хэмээн оршин суугчид хэлсэн. Харин сүүлийн нэг жил огт ажиллаагүй гэнэ. Ямар учраас, хэрхэн ажилладаггүй талаар тодруулах гэсэн боловч байгууламжийн эзэд олдсонгүй. Яг урд талд нь ерөнхий боловсролын сургууль, мөн хоёр цэцэрлэг байдаг учраас хүний хөл хөдөлгөөн их. Ялангуяа хүүхдүүд ихээр зорчдог учраас машинд дайруулах эрсдэлтэйг тус байрны оршин суугч А.Жаргалмаа хэлсэн юм. Түүний 4-6 дугаар ангийн хоёр хүүхэд 52 дугаар сургуульд сурдаг. Уг нь өөрсдөө хичээлдээ явж чадах насанд хүрсэн ч орцноосоо гарахад нь л авто зам угтдаг учраас хичээлд нь байнга хүргэж өгч, авдаг гэлээ. Эл байгууламжийг буулгах талаар нийслэлийн Газрын албанд олон хүн санал хүсэлт хүргүүлсэн тул зайлшгүй нураах шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн.
Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлгийн урд байрлах ЭБО төв
Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлгийн урд байлах “Эбо” төвийн ойр орчимд явган хүний зам байдаггүй. Дөрвөн давхар тус барилгыг 5-6 аж ахуйн нэгж, байгууллага түрээсэлж, үйл ажиллагаагаа явуулдаг учраас гадна талбай нь тэдэнд хамааралгүй гэнэ. 1-2 дугаар давхарт нь хүүхдийн эмнэлэг байдаг учраас бага насны болон нярай хүүхдээ тэвэрсэн эцэг, эх цөөнгүй явж харагдсан. Мөн яг хажууд нь авто зам бий. Өөрөөр хэлбэл, тус төвийн барилга авто замаас хашлагаар л тусгаарлагддаг. Уг нь МУБИС-ийн харьяа, Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн дэргэдээс явган хүний зам эхэлдэг ч тэр нь явсаар “Эбо” төвийн зоорийн давхар руу орчихсон харагдав. Тус барилгатай залгаа орших, зураг жаазлах үйлдвэрийн газарт ч эл байдал ажиглагдсан. “Эбо” төвөөс ганц ялгаатай нь цөөхөн ч гэсэн автомашины зогсоолтой. Гэсэн ч явган хүний зам алга.
Баянзүрх дүүргийн VI хороонд байрлах 21 дүгээр сургуулийн урд мөн л дээрхтэй ижил дүр зураг угтав. Дөрвөн жилийн өмнө барьсан 24 дүгээр байр буюу 11 давхар орон сууцны барилга тус сургуулийн өмнөх явган хүний замыг хаажээ. Дээрх жишээнүүдээс ялгаатай нь тэд нийгмийн хариуцлагаа ухамсарлан, явган хүний зам барьж эхэлсэн байв. 24 дүгээр байранд оршин суудаг 25-30 орчим насны хоёр эмэгтэй “Энэ барилга ашиглалтад ороод дөрвөн жил болсон. Орон сууцны гадаах хашаанаас цааш ямар ч зам байгаагүй. Зүгээр шороо байсан юм. Энэ жил 21 дүгээр сургуулийг нураасан учраас хүүхэд явахгүй байна. Урьд нь бол хүүхдүүд шороо татуулаад л гүйлддэг байв. Мөн авто болон явган хүний замыг ялгасан зүйл байгаагүй учраас хүүхдүүд, ялангуяа бага ангийнхан машин доогуур орчих гээд их хэцүү. Харин арваад хоногийн өмнөөс хэдэн хүн ирээд явган хүний зам тавьж эхэллээ. Одоо авто зам тавих гэж буй бололтой” гэлээ.
Энэ мэт үзэгдэл Улаанбаатар хотод тав ч алхалгүй таардаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс нийслэлийн Засаг даргын гаргасан энэ удаагийн захирамж үр дүнгээ өгөх нь бололтой. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор энэ жилийн зам засвар, чөлөөлөлтийн ажил хийх хугацаа дуусаж буй бөгөөд ирэх оны тавдугаар сараас үргэлжлүүлэх гэнэ. Одоогоор нийслэлийн Газрын албанд иргэдээс ирсэн мэдээллээр явган хүний зам хаасан 120 гаруй объект бий бөгөөд тус байгууллагынхан шат дараатайгаар чөлөөлөхөө мэдэгдлээ.