Экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай ХХААХҮ-ийн сайдын тушаалаар энэ онд үхрийн 27.9 мянга, адууны 33.6 мянган тонн мах гадаадад гаргах зөвшөөрөл олгосон. Хонь, ямааны маханд өнгөрсөн жилийнхтэй адил квот тогтоогоогүй. Харин оны эхний есөн сарын экспортын гүйцэтгэлийн мэдээгээр ОХУ болон БНСВУ-ын чөлөөт бүсэд үхрийн 796.5 тн, БНХАУ, ОХУ, Казахстан, Япон улсад адууны 16 741 тн, БНХАУ, Иран руу хонь, ямааны 2068 тн буюу нийт 19 605 тонн мах экспортолжээ. Түүнчлэн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлт өмнөх жилээс 5.8 дахин нэмэгдэж, дайвар бүтээгдэхүүний экспорт өссөн учраас одоогийн байдлаар улсад нийтдээ 195 тэрбум төгрөгийн орлого оруулаад буйг яамныхан дуулгав.
Наймдугаар сараас хойш малын элдэв гоц халдварт өвчин гаралгүй, “бурхан ивээж” буй энэ зурвас үеийг олигтойхон ашиглаж чадвал өнөө жил махны экспорт түүхэн дээд амжилт тогтоож, 50 мянган тонн руу ч дөхөж магадгүйг албаны эх сурвалж хэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ оны эхний есөн сарын байдлаар дулааны аргаар боловсруулсан 11 031.8 тонн мах экспортолсон, үлдсэн хугацаанд дахиад энэ хэмжээний экспорт хийх боломжтой гэсэн таамаг дэвшүүлээд буй юм билээ. Гэхдээ махны экспортын хэмжээ нэмэгдсэн нь яамныхны тайлбарласан шиг хүнс экспортлогч орон болох зорилготой Засгийн газрын бодлогын үр дүн гарч, “Мах, сүүний анхдугаар аян” амжилттай хэрэгжиж буйн шууд илрэл үү гэвэл өрөөсгөл.
Учир нь хятадууд энэ жил бог малын мах их хэмжээгээр авч байгаа нь дээрх үсрэнгүй үзүүлэлтийн нууц гэнэ. Өнгөрсөн жил манай улс нийт 28 мянган тонн мах экспортолсны 24 900-г нь адууны мах эзэлж байв. Энэ нь өмнөх таван жилийн дундажтай харьцуулахад махны экспортын хэмжээ долоо дахин нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд 137 тэрбум төгрөгийн орлого улсад төвлөрүүлсэн гэдэг чихэнд чимэгтэй мэдээгээр шинэ оноо угтаж байлаа, яамныхан. Харин энэ жил адууны махны экспорт ноднингийнх шиг тэгтлээ цойлох төлөвгүй, эсрэгээрээ бог малын дулааны аргаар боловсруулсан мах эрэлт ихтэй байгаа тул өдгөө 195 тэрбум төгрөгийн орлого улсдаа төвлөрүүлээд буй аж. Хятадууд дулааны аргаар мах бэлтгэдэг зориулалтын зуух, тогоогоо аймаг бүрт шахам аваачиж суурилуулаад буйг энэ салбарын эрх бүхий албан тушаалтан онцолсон билээ. Тодруулбал, тэд хөдөөд танил тал олонтой, нэр нөлөө сайтай хүмүүсийг (мөнгийг нь бодоод энэ ажилд бөхчүүд хүртэл оролцож, хүчээ өргөх болсон гэнэ) дайчлан, малчдаас нэг хонийг 50-70 мянган төгрөгөөр худалдаж авхуулдаг байна. Улмаар аймаг аймагт нь малаа цуглуулсан хойно халал аргаар амийг нь таслаад, 70 градусын халуун устай тогоонд хийж үсийг нь зумлан, хагас болгож урагшаа гаргадаг аж.
Энэ бол нэмүү өртөг шингэсэн мах биш, манайхан ноосоо угаагаад л гадагшаа шууд гаргадаг шиг зүгээр наад захын дамжлага гэдэг нь эндээс ойлгогдоно байх. Махны салбарыг дэмжсэн төрийн бодлого зохицуулалтын сайнаар бус, чөлөөт зах зээлийн зарчмаар өрнөж буй түр зуурын энэ “хуйлрал”-ын ачаар манай боловсруулах үйлдвэрүүд хэсэгтээ хийх ажилтай болсон гэнэ. Тэртэй тэргүй улирлын чанартай ажилладаг үйлдвэрүүдийн хувьд хагас боловсруулсан малын мах тутамдаа юаниар тооцож орлого олно гэдэг чамлахааргүй ашиг биз. Нөгөөтээгүүр, хөлсний ажилчдад өдрийн 25 мянган төгрөгөөр тооцож цалин олгодгийг нь эс тооцвол махны экспортын энэ сүлжээний бизнесээс монголчуудын хүртэх ашиг тэгсхийгээд болчихно. Гаалийн татвараа хүртэл алдаг оног төлдгийг нь албаны хүмүүс өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа юм. Өөрөөр хэлбэл, мал, мах худалдан авч байгаа хүмүүс нь ченж, махны үйлдвэрүүд ч дамжлагын ченж болсон өнөөгийн нөхцөлд “Махны экспорт ерөнхийдөө өсөх хандлагатай байна” гээд алмайрч суулгүй, төрийн хараа хяналт, бодлого зохицуулалт нэн чухал. Наад зах нь архи, тамхины үйлдвэрлэл эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгодог шиг стратегийн чухал хүнс болох мах үйлдвэрлэгчдийг тийм шалгууртай болгож, босгыг нь өндөрсгөх шаардлагатай гэдэг.
Гарал үүслийн бичиг, баталгаажуулалтын байгууллагын үүрэг хариуцлагаас эхлээд хяналт, бүртгэлийн тогтолцоо нь маш тодорхой бөгөөд ойлгомжтой байхгүй бол монгол малын мах энэ мэтээр гадаад зах зээлд үнэ цэнгүй болсоор сүүлдээ өөрсдөө гуйж өгөхөд хүрэх вий гэсэн болгоомжлол байна. Тухайлбал, хятадууд одоо гарал үүсэл, бүртгэл хяналт, баталгаажуулалт гэж нарийн ширийн зүйл заавал шаардахгүй, бог малын дулааны аргаар боловсруулсан мах их хэмжээгээр авч байгаа нь ч түр зуурын үзэгдэл гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн. Харьцангуй хямд өртгөөр олдож буйд нь олзуурхаад хэсэгтээ манайхаас мах авах ч мөдхөн хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, шалгуур, шаардлагад хөтлөгдөөд “Чанарын баталгаа, гарал үүслийн бичиг нь хаана байна” гэхэд л бид бүдэрч мэднэ гэсэн үг.
...Харин энэ жил адууны махны экспорт ноднингийнх шиг тэгтлээ цойлох төлөвгүй, эсрэгээрээ бог малын дулааны аргаар боловсруулсан мах эрэлт ихтэй байгаа тул өдгөө 195 тэрбум төгрөгийн орлого улсдаа төвлөрүүлээд буй аж...
“Монгол малын мах бол зүгээр нэг мах биш, эм” гэж хятадууд уг нь үнэлдэг юм гэсэн. Тиймдээ ч Монголын Засгийн газрын тогтоолоор Замын-Үүдэд “Малын хорио цээрийн тусгаарлагдсан бүс” байгуулах ажлыг тус улсын хөрөнгө оруулалттай “Биит монгол” ХХК-ийн санхүүжилтээр хийж буй. Экспортод гаргах бог малыг эрүүлжүүлж, уурагжуулах зориулалттай нийт 600 га талбай бүхий 20 гаруй байгууламжтай цогцолбор 2019 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орсноор зүүн бүсийн болон сонгогдсон 13 аймгаас үржлийн бус бог мал авч, хорио цээрийн тусгаарласан бүсэд 30-45 хоног зориулалтын тэжээлээр тэжээх юм билээ. Ингэж тусгай тэжээлээр уурагжуулан, нэмүү өртөг шингээсэн бог малаа амьдаар нь өдөрт 5000 орчмыг урд хөрш рүү экспортлох боломжтой гэсэн. Энэ юу гэсэн үг болохыг хэн ч ойлгоно.
Монголчууд биднийг малаа эрүүлжүүлж, нэмүү өртөг шингээн, экспортлох мөрөөдлөө хэчнээн жил ярьсаар суутал тэрбум гаруй хүнтэй асар том зах зээл хэдийн манай “гал тогооны өрөө”-нд орж тухлаад, өөрсдийнхөө идэх хоолны цэсийг зохиогоод эхэлчихэж. Тэд мөн л малчдаас малыг нь зах зээлийн өртгөөс 20 орчим мянган төгрөгөөр илүү үнээр худалдаж аваад, 45 хоног тэжээж уурагжуулан, урагш нь гаргахдаа хэд нугалсан ашиг олохыг одоогоор хэн ч таашгүй. Харин бид энд “Ашгүй минь, махны экспорт нэмэгдэж байна” гээд алга ташин баярлаад суувал хэнд нь хожоотой наймаа байх бол.
Үнэндээ өнөөдөр манайхан дээр, дооргүй л “Бид гуравхан саяулаа байж 67 сая малаар яах вэ. Барж идэх биш, авдаг л улс орон байвал гаргаад байя, өгөөд байя” хэмээн малаа “далдруулахын” түүс болдог. Угтаа малаа яаж эрүүлжүүлэн, мах, сүүний гарц, ашиг шимийг нь хэрхэн дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж авах вэ гэдэг бодлого манай хөдөө аж ахуйн экспортын салбарын дараагийн нүүдэл байх ёстой. Махны экспорт гэхээр зөвхөн тоо, хэмжээ ярих биш, үнэ цэнийн асуудалд анхаарах цаг нь болсон гэдгийг саяхны нэг хурал дээр бодлого тодорхойлогч яамны төлөөлөл илэрхийлнэ билээ. Монгол малын мах бол бэлчээрийн, жинхэнэ органик, маш сайн чанар, амттай гэдгийг олон улсад сурталчлан таниулж, бага хэмжээтэй ч байсан хамаагүй, гол нь их ашиг хүртэх экспортын бодлого хэрэгжүүлэх нь зүйтэйг тэд ямартай ч яриад эхэлж.
Энэ мэтээр махны экспортын асуудалд учиртай, ул суурьтай хандах шаардлага зүй ёсоор тулгараад байна. Жишээ нь, хоногт 180 мянган бог тэжээж, өдөрт 5000 мал экспортлох дээрх тусгаарлалтын бүсэд өнөөх бэлчээрийг жинхэнэ талхалж, байгаль сүйтгэдэг мянгатуудыг малаа түлхүү аваачиж тушаадаг болгох төрийн мэргэн бодлого хэрэгтэйг ч хэлэхэд илүүдэхгүй болов уу. Мөн дотоодын зах зээлээ хамгаалах талаар бодолцохгүй бол ард түмэн хөлд нь чирэгдэж мэдэхээр дүр зураг өнөө жил ажиглагдав. Хятадуудын “гар, хөл” болсон ченжүүд бүхний урдуур орон, малчдын гар дээрээс махыг нь түүчихээд байгаа учраас тэдний гадагшаа нийлүүлж байгаа үнээр манайхан өөрсдөө худалдаж авахад хүрснийг албаны хүн хүлээн зөвшөөрсөн юм.