Нийслэлийн Хот тохижилтын газрынхан энэ өвөл Улаанбаатарын гудамж, талбайг өчүүхэн ч халтиргаа гулгаагүй байлгаасай. Жил жилийн өвөл гудамж, талбайд дагтаршсан цас мөстөж, явган зорчигчид ёс юм шиг унаж гэмтэн, эмнэлгийн ачаалал ихсэж, бухимдал нэмэгддэг.
Автозам ч тэр. Цас орсон эхний өдрүүдэд, өөрөөр хэлбэл, элс, давс цацахаас өмнө хэд хэдэн машин шүргэлцчихсэн, жолооч нар нь хэрүүл шуугиан болж байгаа харагддаг. Мөнгөний гарз, уур уцаарын нэмэр. Энэ бүхнийг харахдаа иргэний хувиар боддог юм. Хотын гудамж, талбайн “ариун цэвэр”, “гоо сайхан”-ыг хариуцсан байгууллагынхан яагаад цас орсны дараа хүмүүсээ шүүр, шуудай бариулан гаргадаг юм бол. Цас ороход ямар нөхцөл байдал үүсдгийг мэддэг атал яагаад заавал өнгөрсөн хойно нь хашхирдаг юм бол гэж. Цаг агаарын урьдчилсан мэдээ сонсож л байгаа шүү дээ. Үгүй дээ л тэнгэр хараад хэзээ цас орохоор байна гэдгийг захын монгол хүн мэднэ. Тэгсэн атал гудамж, талбай цэвэрлэх үүрэгтэй байгууллагын удирдлага ажилчдаа яагаад бэлэн байдалд байлгаж, цас орж эхэлсэн даруйд шүүрийг нь бариулаад зам, талбай, гудамжинд ажиллуулж болдоггүй юм бэ. Хүн хүч нь хүрэлцдэггүй юм бол нийтийн эрх ашгийн төлөөх энэ ажилд нийслэлийн албан газруудыг дайчилж, цасыг цаг тухайд нь шүүрдэн овоолж болохгүй юу. Хотод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж бүр өөрийн байрны эргэн тойрон дахь 50 метрыг цэвэрлэж, тохижилтод санаа тавих үүрэгтэй. Энэхүү үүргийг нь сануулахын зэрэгцээ их хотын соёлтой иргэд, байгууллагын хувиар цас орох тоолонд шүүрдэх аваас дагтаршихгүй, мөстөхгүй, халтиргаа, гулгаа бага байх талаар хэлмээр.
Цас орох үед шүүрдэх нь шинэ юм биш. Дээхнэ үед буюу ардчилал гээчийг хэнийг ч сонсохгүй, зөвхөн дур зоргоор амьдарч болох нийгэм хэмээн буруу ойлгохоос өмнөх үед нийслэлийн оршин суугчид бүгд гудамж, талбайгаа шүүрддэг байлаа. Субботник хэмээх сайн дурын цэвэрлэгээ хийдэг байв. Нэр томьёоны хувьд хуучинсаг сонсогдоод, дургүй хүрээд байдаг юм бол орчин үеийн гоё нэр өг л дөө. Тэгж байгаад байгууллага, аж ахуйн нэгжүүд, их, дээд сургуулиудыг удирдлага, зөвлөлийнх нь түвшинд уриалаад хамтар л даа.
1990-ээд оноос өмнө сургуулийн сурагчид ногоон байгууламж цэвэрлээд, хэдэн өдөр ээлжилж, манадаг байлаа. Их дэлгүүр, Улсын цирк хоёрын хоорондох зүлгийг хариуцлагатай нь аргагүй манан зогсож байхдаа ядарч, зүдэрч байгаагүй. Харин ч нийслэлийнхээ өнгө үзэмжийн төлөө гар бие оролцож байгаадаа баярладаг байсан. Зүлэгний манаач юу хийдэг вэ гэхээр хашлаганы буланд зогсоод, зам хазайж зүлэг гишгэхээр завдах хүнд “Уучлаарай ах аа, эгч ээ, та явган хүний замаар явна уу, та зүлэг гишгэв ээ, тойроод явна уу, бид энэ зүлгийг тарьж ургуулсан юм, одоо хамгаалаад зогсож байна, бидний ажлыг хүндэлнэ үү” гэж хэлэх л үүрэгтэй. Долоо хоног ингээд зогсоход тэр хавиар байнга явж өнгөрдөг хүмүүс бүгд явган хүний замаар явдаг, хашлагыг залхууралгүй тойрч, гарцаар зам хөндлөн гардаг болж байсан.
Өнөөгийн хүмүүс дээхнэ үеийн Улаанбаатарын гэрэл зураг бие биедээ харуулж, хот цэвэр цэмцгэр замбараатай байсан тухай ярьдаг. Хөгжиж байгаа бол он жил улирах тусам аль ч салбарт байдал дээрдэх, сайжрах ёстой сон. Гэтэл зарим талаар ухарч, доройтсоор байх нь удирдлага, зохион байгуулалт, санаачилга, сэтгэл дутдагийнх бус уу.
Бас нэг үлгэр дуурайл бий. Гэрт амьдардаг айлуудад дадал, хэвшил болсон нэгэн соёл бий. Хөдөө, эсвэл хашаанд амьдардаг айлууд гаапуутай. Энэ нь өвсний хог, цас хамах зориулалттай модон багаж юм. Цас орж эхлэхтэй зэрэг гэрийн хүмүүс том модон шүүрээр хамгийн түрүүн гэрээс жорлон, дараа нь илүү гэр юм уу, амбаар хүртэл зам гаргаж шүүрддэг. Цас үргэлжлэн орох аваас орой унтатлаа ээлжилж гарч шүүрдэнэ. Харин өглөө босоод харахад шүүрдээд барахгүй их цас орсон байвал гаапууддаг. Цасыг ихээр цуглуулж, түрж овоолдог. Энэ бол айлын ахуй дахь орчноо цэвэр цэмцгэр байлгахын зэрэгцээ халтирч унан гэмтэж бэртэхээс сэргийлсэн жирийн, байдаг л дадал, хэвшил. Үүнийг нийслэл гэдэг их айлд хүн хүчний нөөц, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн санаа нийлсэн нэгдмэл ажиллагаагаар хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Гагцхүү хүсэл, санаачилга дутдаг. Нийслэлийн Хот тохижилтын газрын сүүлийн 20 гаруй жилийн хугацаан дахь үе үеийн удирдлагуудаас хэн нь ч үүнийг санаачилж, хэрэгжүүлсэнгүй. Одоо ч тэр, бахь байдгаараа байвал цас орно оо, энд тэнд халтиргаа, гулгаа, мөргөлдөж, шүргэлцсэн машинууд, бие бие рүүгээ орилж, зандарсан хүмүүс, хөл, гараа, нуруугаа хугалсан янз бүрийн насны хүмүүс “Гэмтлийн” эмнэлгийн хүлээн авахад ёолж суух дүр зураг давтагдана. Энэ нь их хотын амьдралын байх ёстой нэгээхэн хэсэг гэж үзэж байгаа бол эндүүрэл. Ийм сөрөг үр дагавруудын тоо, эзлэх жингээр ажил хариуцсан байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцож, арга хэмжээ авах ёстой баймаар. Гэтэл өнгөрсөн 20 гаруй жилд хэдий үеийн хэн гэдэг даргад хариуцлага тооцсон бэ. Хэзээ ч тооцож байгаагүй. Хүмүүс хөл гараа хугалаад л, хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар хохироод л, машин тэрэг мөргөлдөөд л, хэн хүнгүй хохирсоор ирсэн. Ийм байх ёстой юм шиг, хаа хаанаа дөжирсөн байдлыг халах цаг болжээ.
Нийслэлийн Хот тохижилтын газар нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хэмээх тодотголтой. Тус газар энэ намар явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн дараах ажлуудаа дорвитой хэмээн нэрлэх болов уу. Хан-Уул дүүргийн XI хороо, ХААИС-ийн баруун талын явган хүний замын ажил, Чингэлтэй дүүргийн II хороо, “Бөмбөгөр” худалдааны төвөөс 24 дүгээр сургууль хүртэлх гараашийн хамгаалалтын шон суулгах, Сүхбаатар дүүргийн VIII хороо, “Бэст вестерн туушин” зочид буудлын өмнөх ханыг буулгасан, мөн Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэр дэх “Платиниум” зочид буудлын орчмын явган хүний замыг чөлөөлсөн зэрэг есөн байршилд нүдэнд харагдахуйцаар хөдөлсөн. Энэ нь төлөвлөгөөт, графикт ажил. Нийслэлийн Засаг даргын өнгөрсөн наймдугаар сард гаргасан захирамжийн дагуу хийж гүйцэтгэжээ. Нураах, буулгах нь олны нүдэнд ил, хэл амны бай болдог ажил. Олон нийтийн дунд лав “Бэст вестерн туушин”-гийн өмнөх ханыг хүчээр буулгасныг эсэргүүцсэн нь олон байхад “Нийслэлийн Засаг дарга хүсвэл хийж чаддаг юм байна. Сайн байна” гэж өмөөрсөн нь ч бий. Томоохон, өнгө үзэмж сайтай барилга байгууламжид техник хүргэхэд ийм хариу хэл ам нийгмийн зүгээс ирдгийг харсан. Цаашид улс төр болгож, хүндээ хөнгөнөөс өгөхгүй байх хэмээн найдна.
Нийслэлийн Хот тохижилтын газрынхны ажил, үүрэг, хариуцлага, санаачилгын талаар нэгэнт хөндөж байгаагийнх анзаарсан зүйлүүдийн талаар нэг мөр бичих нь зүйн хэрэг гэж бодно.
Хэдхэн сарын дараа хавар, зун болно. Мод ургамал ногоорно. Хот тохижилтынхон цалин авдгийн хувьд төлөвлөснөө хийх байх. Аливааг хийж хэрэгжүүлэхдээ агуулга болон хэлбэрийн нэгдлийг хангаж, өөрсдөдөө амрыг нь урьтал болголгүй олон нийтийн таашаалд нийцүүлэх талаар бодолцох ёстой санагдана. Тэгээд ч энэ газар нийслэлийн өнгө үзэмжид санаа тавих субъект. Хотын тохижилт, цэвэрлэгээ, нийтийн эзэмшлийн зам, талбайн ногоон байгууламж, гэрэлтүүлэг, реклам, чимэглэл, нийтийн үйлчилгээний тоног төхөөрөмж, байгууламжтай холбоотой асуудлыг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй. Уриа нь “Цэвэр цэмцгэр нийслэлийн төлөө хамтдаа”.
Нийслэлчүүд өнгөрсөн зун “ангайсан”. Хотын гудамжаар, тодруулбал, төвийн хэсэгт, ногоон байгууламж бүхий гудамжаар алхаж явахад нь нов ногоон модны тэг дунд ялааны хортой шав шар өнгийн, далбайсан том цаас, түүн дээр үхсэн хар ялаа “үй түмээр” багсайж байхыг харсан хүн бүр буруу харж өнгөрч байсан. Огиудас хүрмээр. Үнэхээр ийм замаар ариун цэвэр сахиулах гэсэн бол хүний харааны түвшнээс доогуур, өвдөг тушаа өндөрт ч юм уу, өнөөх шар цааснуудыг өлгөж болохгүй юу. Хэн дарга нь хортой цаасыг тийм зайд, өндөрт наана шүү гэсэн тушаал өгдөг байна аа.
Бас нэгэн зүйл байна. Өнгөрсөн зун бороо ихтэй байснаас нийслэлийн ногоон байгууламжууд усны илүүдэлд орох шиг болсон. Зүлэг саглайтал ургаж, сахалдаа баригдсан, ар гэрийнхэн нь санаа тавьдаггүй настай хүн шиг болтлоо зүдрэв. Хотын төвийн ч бай, захын ч бай нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгийн зүлгийг хадаагүй, машиндаагүй. Эцэст нь юу болсон бэ. Есдүгээр сарын эхээр эдгээр “сахал самбайндаа” баригдсан зүлэгнээс өмхий үнэртэж байлаа. Нохой шээж, баахын зэрэгцээ, зарим хүн илүүдэл шингэнээ юүлсээр байтал тэр байх. Хот тохижилтын газрынхан үүнийг анзаарсан уу, үгүй юү. Магадгүй ногоон байгууламжид зуны турш гар хүрээгүй болохоор мэдээгүй байж ч болох. Тэр өмхий бол тэр чигээрээ нян шүү дээ. XXI зууны Монголд бохир, заваанаас үүдэлтэй халдварт өвчин байхгүй болсон баймаар. Гэтэл эмнэлэг урьдын адил ачаалалтай хэвээр. Эмнэлэг, ариун цэвэр, орчны эрүүл ахуй зэрэг хоорондоо уялдаа холбоотой салбар, асуудлуудыг нэгдсэн байдлаар авч үздэг, боддог, боловсруулдаг, хэрэгжүүлдэг систем ингэхэд байна уу.
Хот тохижилтын газрынханд аминчлан хэлэхэд зүлгийг зүлэг шиг байлгадаг, өөрөөр хэлбэл, нэгэн жигд өндөртэй, үзэмжтэй байлгах тухайд Баянзүрх дүүргийн XVIII хорооны 14 дүгээр байрны СӨХ-ноос зөвлөгөө ав. Хуучны, найман орцтой, есөн давхар байрны гадна орчин цэмцгэр. Орцнуудаар нь хөл нүцгэн явсан ч оймс харлахааргүй шахам цэвэрхэн байдаг. Тэднийх нийслэлийн тэргүүний СӨХ юм билээ. СӨХ-ны удирдлага нэр алдрын төлөө орцны жижүүрүүдэд өндөр шаардлага тавьдаг гэж бодохгүй байна. Зүгээр л үүрэгт ажлаа сайн хийгээд, орцны жижүүрийн жижигхэн байранд тав тухтай амьдрахыг санал болгодог юм билээ. Тэрүүхэндээ таарсан менежмент, механизм биш гэж үү. Үүнийг удирдах ухаан гэх буюу.
Улсын хүн амын дийлэнх олонх нь амьдардаг нийслэлийн иргэдийн тав тухын төлөө ажилла, байгууллага, нэгж удирд гэж томилон илгээж байхад санаж, санаачлахгүй, төсөв хөрөнгөд тохируулах ч гэлээ үр дүн өгөхүйцээр ажиллахгүй байж, дарга нь нураа, дайр гэхээр уухайн тас хөдөлж байдаг утсан хүүхэлдэйн хэрэг нийслэлчүүдэд байхгүй л болов уу. Тус газрын дарга цаашид хэрхэн ажиллахаа эхний ээлжинд цас ороход харуулах биз. Явган зорчигчийн нүдний өмнө үхсэн ялаа арзайлгадаггүй, зүлэг сэлтээ жигд, үзэмжтэй ургуулчихдаг удирдлагыг хүснэ. Нийслэлийн хот тохижилтын газрын удирдлага орцны жижүүрээс дор сэтгэж, ажиллахыг тэвчихгүй.