Агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх санаачилгыг төр, засгаас гаргасан. Тухайлбал, нийслэлийн ЗДТГ, Байгаль орчны газраас эко автомашиныг замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулж, зам ашигласны төлбөрөөс чөлөөлсөн. Тэгвэл өчигдөр нийтийн эзэмшлийн авто зогсоол, талбайд цахилгаан автомашин цэнэглэгч станц суурилуулах аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн ЗДТГ-аас батламжлав. “Глобал моторс”, “Номин ойл”, “Топологи” компани уг ажлыг гүйцэтгэх болсон байна. Эдгээр аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр цэнэглэгч төхөөрөмж худалдан авч, нийт 21 байршилд суурилуулахаас гадна засвар, үйлчилгээг нь олон улсын стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх үүрэгтэй аж. Станцуудыг энэ онд багтаан суурилуулах болжээ.
Бэлтгэсэн: М.Оч