Манай улсад, тэр дундаа нийслэлд тулгамдсан, иргэдийг хамгийн их бухимдуулдаг зүйлсийг жагсаавал нэн түрүүнд агаарын бохирдол, авто замын түгжрэл орох нь дамжиггүй. Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн хүртээмж эргэлзээгүй орно. Хүүхдээ сургуулийн өмнөх боловсролд хамруулах гэсэн эцэг, эхчүүд жил жилийн намарт төр, хувийн хэвшлийн цэцэрлэгийн үүд сахиж, авлига, арын хаалга сэдэвт “жүжигт” тоглодог нь нууц биш. Цэцэрлэгийн хүртээмж хангалтгүйгээс нийгэмд үүссэн бас нэг гажуудал нь энэ.
Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны болон холбогдох байгууллагынхан хичээлийн шинэ жил дөхмөгц чухал царайлан, хэвлэлийн хурал хийж “Энэ жил төдөн цэцэрлэг шинээр ашиглалтад орж, төчнөөн хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж бүрдлээ. Цэцэрлэгийн хүртээмж сайжирч байна” гээд эерэг голдуу зүйл хамж шимэн ярьж, цахим бүртгэлийн заавар, зөвлөгөө өгөхөөс хэтрэхээ байв. Эерэг, сайхан мэдээ танилцуулж их ажил хийсэн болж харагдахыг хичээдэг, шүүмжлэл, хэл амнаас болгоомжилдог жигтэй үзэгдэл боловсролын салбараас бүр ч тод харагдсаар. Гэвч бодит байдалд сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй холбоотой түмэн зовлон ундарсан хэвээр.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оноос Засгийн газар “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр хүүхэд бүхэн цэцэрлэгт орох боломж бүрдэх юм. Ирэх хичээлийн жилд 142 цэцэрлэгийг ашиглалтад оруулж, 20 гаруй мянган хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна” гэж ярьжээ. БСШУСЯ-ны Хэвлэлийн алба хариуцсан мэргэжилтэн өдгөө манай улсад цэцэрлэгт “гологдсоноос” гэрээ сахиж байгаа 46 000 хүүхэд бий гэх. Харин Боловсролын судалгааны хүрээлэнгийн тайланд “Жил бүр 70-80 мянган хүүхэд сурч хөгжих эрхээ хязгаарлуулж байна” гэжээ. Харин боловсролын сайд “Бүх хүүхэд цэцэрлэгтэй болно” гэсэн атлаа 20 гаруй мянгыг нь сургуулийн өмнөх боловсролд хамруулна гэсэн учир зүйн алдаатай зүйл ярьжээ. Угаасаа тэр хүн тийм замбараагүй, мэдлэг, мэдээлэлгүй зүйлээ дур мэдэн яриагүй л байлтай. Түүний ярилцлагаас 142 гэдэг тоо эрхгүй анхаарал татав.
Өнгөрсөн жил Дэлхийн банкныхан манай улсын сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог судалж, дүн тавьсан. Тэд “Монгол хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдал ихээхэн зөрүүтэй, хангалтгүй. Энэ нь цэцэрлэгийн хүртээмж, нэг анги, бүлэг дэх хүүхдийн тоо, ачаалалтай холбоотой. Зөвхөн нийслэлд 150 гаруй цэцэрлэг нэмж байгуулах шаардлагатай” гэж дүгнэжээ. Боловсролын судалгааны хүрээлэнгийнхэн ч “Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2-5 насны хүүхдийн тоо жил бүр өсөж байна. Цэцэрлэгийн хүртээмжийг энэ өсөлттэй дүйцэх хэмжээнд хүргэхийн тулд багадаа 100 цэцэрлэг байгуулах хэрэгтэй” гэж онцолсон. Энэ бүх мэдээлэл, судалгаатай харьцуулахад 142 гэдэг яалт ч үгүй том тоо.
БСШУСЯ, нийслэлийн Боловсролын газраас гаргасан статистикаас харахад, манай улс сүүлийн үед улс, нийслэлийн төсвөөр жилдээ 30-40 цэцэрлэг байгуулж байна гэх эргэлзээтэй мэдээлэл байна . Энэ нь 2012-2014 оныхтой харьцуулахад (жилд 10-15 цэцэрлэг байгуулдаг) эрс өссөн үзүүлэлт аж. Энэ хичээлийн жилд гэхэд төрийн 25, хувийн найман цэцэрлэг үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Гэвч цэцэрлэгийн насны хүүхдийн тоо эрчимтэй нэмэгдсэн нь энэ өсөлт (шинээр байгуулсан цэцэрлэг)-ийг бүдгэрүүлж байгааг БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын даргын үүргийг гүйцэтгэгч Г.Дуламжав учирлав. Тэрбээр “Төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж чадаагүйг нь хувийнхад шилжүүлэх, хүүхэд харах үйлчилгээг дэмжих, төрийн байгууллагуудыг дэргэдээ цэцэрлэгтэй болгох, малчдын хүүхдэд явуулын багш, зайны сургалтаар боловсрол олгох зэрэг олон талт арга хэмжээг төр, засаг бодлогын хэмжээнд авч байгаа ч 2-5 насныхны тоог гүйцэхгүй байна” гээд “Ирэх онд 85 цэцэрлэг ашиглалтад оруулна” хэмээн салбарынхаа сайдаас бас л зөрүүтэй зүйл ярив.
“Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөр сошиал орчинд иргэдийн талархал хүлээж, “коко” үнэлгээ аваад байна. Хүүхдээ цэцэрлэг бараадуулах гэж сугалаа шодож, зүдэрдэг эцэг, эхчүүд баярлаж байна гэж жигтэйхэн. Тэд “Ёстой зүйтэй ажил санаачилж” хэмээн боловсролын сайдыг баахан сайшаасан байх юм. Үнэн хэрэгтээ “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хэмээх уриа бүхий энэ хөтөлбөр БСШУСЯ-наас санаачилсан, эс бөгөөс Ц.Цогзолмаа сайд гардан хийх ажил биш бөгөөд аль 2016 оноос улбаатай. МАХН 2016 сонгуулийн мөрийн хөтөлбөртөө үүнийг тусгасан.
Энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхэд харах үйлчилгээ, төрийн байгууллагуудын дэргэд цэцэрлэг байгуулах зэрэг санаачилга ажил хэрэг болсон. Өдгөө хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг 439 төв цэцэрлэгийн насны 4952 хүүхдийг “шингээж” байна. 2016 оноос хойш төрийн байгууллагын харьяа 10 цэцэрлэг байгуулжээ. Энэ онд БХЯ-ны харьяа, 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг үүдээ нээсэн. “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар “юм” хийгээгүй биш, хийжээ. Харин ирэх онд өмнөх жилүүдийнхээс хурдтай, шахуу ажиллах нь. Учир мэдэх зарим нь энэ шийдвэрийг улс төрийн зорилготой, сонгууль угтсан “тоглолт” хэмээн хардаж байна. Үнэн байж ч мэднэ. Тийм байлаа ч тэд зорилгоо биелүүлж, гэртээ цоожлогддог багачуудыг үеийн найзуудынх нь адил сурч хөгжих боломжоор хангаасай гэж хүсэх хүн олон. “Нэг жилд 150 шахам цэцэрлэг яагаад ч барьж амжихгүй” гэх эргэлзээг эергээр тайлаасай.
Томоохон бүтээн байгуулалт хийхэд тендер зарлах, барилгын компани шалгаруулах, газар олгох, чөлөөлөхөөс эхлээд тушаа мундахгүй. Нийслэлд энэ онд 34 сургууль, 52 цэцэрлэгийн барилга барихаар шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгасан байтал газар чөлөөлөх асуудлаас болоод 17 сургууль, цэцэрлэгийн ажил гацсан баримт бий. “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөр энэ мэт бэрхшээлд тушигдан, зорилтоо хангалтгүй биелүүлбэл юу болох вэ?
Зорилтдоо хүрч чадаагүй, замын хагасаас буцсан төсөл, хөтөлбөрийн тоо нэгээр нэмэгдэнэ. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага хүртээмжгүй хэвээр үлдэнэ. Гэтэл БСШУС-ын сайд 142 цэцэрлэг юу юугүй ашиглалтад оруулчихсан юм шиг аяглаж хүүхэд харах үйлчилгээний төвүүдийг “шахаж” эхэллээ.
Шинээр барих цэцэрлэгийн газрын асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн асуултад “Улаанбаатарт газаргүй гэдэг асуудал үүсэх магадлал бий.Аль болох газартай байгаа газруудыг сонгож, сургууль, цэцэрлэгээ барих төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн хариулсан тэрбээр “Ирэх хичээлийн жилд бүх хүүхэд цэцэрлэгтэй болох учраас хүүхэд харах үйлчилгээний шаардлага буурна” хэмээн итгэлтэй гэгч ярьжээ. Үүнтэй холбоотойгоор ирэх онд тус үйлчилгээнд зарцуулах төсвийг гурав дахин танасан. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид гурван жилийн хугацаанд 17 000 мянган хүүхэд авсан байна. Ирэх оны төсвийг 2.6 тэрбум төгрөг болгож багасгаснаар энэ үйлчилгээнд хамруулж буй хүүхдийн тал хувь нь гэртээ үлдэнэ” гэж энэ чиглэлийн үйлчилгээ эрхлэгчид ярьж байна. Төсөв нь хумигдахаар ийм үйлчилгээний төвүүд зах зээлийнхээ жамаар хүссэн хүсээгүй буурна. Хэрэв тэд ирэх оны өвөл, хавраас хаалгаа барьчихвал тэнд “шингэсэн” 5000 орчим хүүхэд хаачих вэ. Цэцэрлэг барихаар шав тавьсан газарт очих уу, эсвэл дахиад л гэртээ цоожлогдох уу.
Засгийн газраас улбаатай “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийг шүүмжилж, боловсролын салбарынхныг харлуулах гэсэндээ биш, учирч болох эрсдэлийг тооцоолж хөдлөөсэй хэмээн санахдаа энэ бүхнийг нуршив. Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр цэцэрлэг ч үгүй, хүүхэд харах үйлчилгээний төвүүд ч үгүй болчихвол хэн хариуцлага хүлээх вэ.
Бэлтгэсэн: Ж.Сувд