Яармаг, Нисэхийн орчимд сүүлийн жилүүдэд орон сууцны хороолол олноор барьж буй. Хотын захиргааг ч тийш нь нүүлгэн шилжүүлэх болсон билээ. Орон сууцны хороолол нэмэгдэх нь нэг талаар сайн хэрэг ч бүтээн байгуулалт энэ эрчээрээ үргэлжилбэл бохир усыг нь татан зайлуулах Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй, доголдоход хүрэх юм.
Эл ачааллыг хөнгөлөх үүднээс одоогоос таван жилийн өмнө барьж эхэлсэн Буянт-Ухаагийн цэвэрлэх байгууламжийг өчигдөр ашиглалтад орууллаа. Хан-Уул дүүргийн X хороонд байрлах, хоногт 20 000 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай эл байгууламж нь бүрэн автомат ажиллагаатай, бохирыг химийн арга болон хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж, 98 хувь цэвэрлэх боломжтой.
Түүнчлэн цэвэрлэгээний үйл ажиллагаанаас гарсан лагийг дахин боловсруулж, метан хий үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлог аж. Уг хийг нь дулаан үйлдвэрлэхэд ашиглаж болох гэнэ. Улсын төсвийн 33 тэрбум төгрөгөөр HNC компани таван жилийн хугацаанд тус байгууламжийг барьжээ.
М.Оч