УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит хурлаа хийж, хэлэлцсэн асуудлаараа мэдээлэл хийв. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хорооны хуралдаанд оролцохгүй, хугацаагүйгээр ажил хаяж буйгаа мэдэгдсэн. Энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УИХ-ын зүгээс хариу ирүүлсэн боловч энэ чиглэлээр тодорхой ахицтай зүйл алга.
Тиймээс тэмцлийн дараагийн шатанд шилжих шаардлага үүсэж болзошгүй байгаа талаар бүлгийн хурлаар ярилцлаа. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой, Засгийн газрын зохион байгуулалттай хийсэн энэ асуудлыг нэг тийш нь болгохгүй бол бид дараагийн алхам руугаа хүссэн ч, хүсээгүй ч шилжинэ. Үйлдвэрлэл эрхлэгчдэд очих ёстой, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгийг Засгийн газар сайд нар, УИХ-ын гишүүдтэйгээ нийлж, зохион байгуулалттайгаар хуйвалдан авсан нь нийгэмд нэгэнт ойлгомжтой болсон. Ийм явдал УИХ, Засгийн газрын түвшинд урьд, хожид гарч байсныг бид санахгүй байна. Энэ хүмүүст хариуцлага зайлшгүй тооцох ёстой. Түүний дараа бид хуралдаанд оролцоно.
Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг хуралдаанд оролцоогүй үед эрх баригчид ирэх оны улсын төсвийг баталсан. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн олонхын оролцоогүйгээр баталсан. Эрх баригчид Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, сахилга, хариуцлагыг хангана гэсэн амлалтаасаа дахиад буцлаа. Зарим гишүүн байхгүй хүмүүсийн саналын товчийг өмнөөс нь дарж санал өгсөн. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсөв УИХ-ын олонх гишүүний оролцоогүй батлагдсан. 2019 оны төсвийн талаар АН байр сууриа тодорхой илэрхийлсэн. Одоо бид Ерөнхийлөгчийг төсөвт хориг тавихыг уриалж байна. Ийм өндөр зардалтай, эрсдэлтэй төсвийг дэмжих боломжгүй. Ерөнхийлөгч хориг тавивал бид дэмжинэ.
Шатахууны үнэ сүүлийн үед огцом өссөн нь нийгэмд бухимдал үүсгэж байна. Нийтлэг хэрэглээ болсон шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж байгаа олон нийтийн байр суурийг АН дэмжиж байгаа” хэмээн мэдээллийн эхэнд онцолсон. Тэрбээр ирэх долоо хоногийн улс төрийн үйл явцыг анхааралтай ажиглаад, тавьсан шаардлага нь биелэхгүй бол тэмцлийн дараагийн алхмыг сонгоно гэж мэдэгдэв.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ирэх оны төсвийн талаар хэдэн зүйл хэлье. Төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр давж биелсэн байхад хоёр их наяд шахмын алдагдалтай төсөв баталж байгаа нь туйлын буруу. Үүнийгээ гадаадын зээл буюу өрөөр (1.3 их наяд төгрөгийн зээл) санхүүжүүлдэг Монгол төрийн бодлого байж таарахгүй. Тиймээс Ерөнхийлөгч хориг тавина гэдэгт найдаж байгаа. Хоригийн хүрээнд төсөвт суусан 370 гаруй зураг, төсөвгүй барилга, Засгийн газрын дотоод хэрэглээ гээд хэмнэж болох 270 гаруй тэрбум төгрөг гэх мэтийг хасах хэрэгтэй гэсэн тодорхой саналыг бид хэлж байгаа. 700 гаруй тэрбум төгрөгөөр халамж, тэтгэврийн сангаа нэмэгдүүлж байгаа хэрнээ ажлын байр, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд зориулах санхүүжилт байхгүй. Бөөн хэл ам болж байж 47-хон тэрбум төгрөг төсөвлөсөн. Засгийн газрын маш олон сан байдаг. Үүгээр дамжуулж ажлын байр бий болгох ёстой. Гэтэл өнөөдөр Засгийн газар халамж тараагаад амьдралыг нь шийдчихнэ гэж яриад сууж байна. Ийм байж болохгүй. Үүнийг өөрчилж, шинэчлэхийн төлөө АН ажиллана” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “У.Хүрэлсүхийн Засгийн газар “Шатахууны үнийг чөлөөт зах зээлд нь даатгаж орхилоо. Бид оролцохгүй” гэж мэдэгдсэн. Тэр цагаас шатахууны үнэ эрс нэмэгдсэн. АН-ын бүлэг, судлаачид “Бүх зүйлийг чөлөөт зах зээлд даатгавал иргэд хохирдог юм” гэж үзэж байгаа. ОХУ, Польш, Унгар, Солонгос, Японыг хар. Шатахууны үнэд оролцож, төрийн хяналт тогтоож байгаа.
Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд шатахууны үнийг барихгүй, импортлогч компаниудад, зах зээлд нь даатгана хэмээн мэдэгдэж байна. Энэ бол неолиберализмын гажуудал. Шатахуун импортлогч хэдхэн компанийн монополыг хүлээн зөвшөөрч байгаа нь Засгийн газрын алдаа. Тэд хуйвалдааны замаар шатахууны үнийг өсгөж байгаа. Эцсийн дүнд нь иргэд хохирч, ядуурал нэмэгддэг. Ачааны хүнд нь үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн нуруун дээр буудаг. Энэ завхарсан бодлогоо засахыг Засгийн газраас шаардаж байна. Шатахууны үнийг сул тавьж буй Засгийн газрын бодлогыг бид эрс эсэргүүцэж байна” гэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон бусад сангаас зээл авсан төрийн албан хаагчдын нэр гарч байна. Та бүхэн энэ асуудлаар дахин мэдээлэл авсан уу?
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон нийт 29 сангийн асуудал ерөнхийдөө ойлгомжтой болж байна. Сүүлийн хоёр жил албан тушаалтнууд өөрсдөө зохион байгуулалттайгаар зээл авсан байна. Үүнд төрийн олон албан хаагч нэр холбогдсон. Зээл авч болно. Гэхдээ банкаар дамжуулаад авах хэрэгтэй. Хамгийн ноцтой нь зохион байгуулалттай, Засгийн газрын гишүүд нь өөрсдөө оролцоод сангийн мөнгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан байна. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай. Бусад 28 санд хөндлөнгийн шалгалт оруулахыг хүсэж байна. Хамгийн сүүлд бид Хөгжлийн банкнаас мэдээлэл авлаа. Дараа нь бид Төрийн банкнаас мэдээлэл авна. Сангийн яам үүнийг шалгаж чадахгүй, улстөржсөн шийдвэр гаргах нь ойлгомжтой.
Бид зээлдэгчдийн мэдээллийг авахыг хүссэн ч өгөөгүй. Салбаруудад олгосон зээлийг тусгасан. 2017 онд 34 төсөл, хөтөлбөрт 341.9 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. 2018 онд энэ тоо өсөж, 42 төсөл, хөтөлбөрт 506.6 тэрбум төгрөгийн төсөлд зээл олгосон. Эрх баригчид төсвийг нэгтгэх нэрийн дор Хөгжлийн банкнаас нэг их наяд төгрөгийн санхүүжилтийг өөрийн хөрөнгө болгосон байна. Энэ мөнгө эдгээр төсөл рүү “явсан” байх. Бид бүх сангийн мэдээллийг авна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгө зорилтот бүлэгт зээл болж очих ёстой байсныг улстөрчид авчихсанд л асуудлын гол байгаа юм.
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг банк бус санхүүгийн байгууллагад байршуулсан гэсэн хардлага байдаг. Энэ хэр бодитой бол?
-Тийм ээ, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэлээд хэдэн гишүүн зээл авснаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс бид бодит байдал дээр зохион байгуулалттай үйл ажиллагаа болжээ гэдгийг нийгэмд хүргэх нь зүйтэй гэж үзсэн. АТГ үүнийг шалгаж эхэлсэн байна лээ.
-Та бүхэн дараагийн удаад тэмцлийн ямар хэлбэр сонгох вэ?
-Ирэх долоо хоногоос хяналт тавьж чуулган, байнгын хорооны хуралдаанд нэг гишүүнээ оролцуулна. Тэмцлийн ямар хэлбэрийг сонгохоо өнөөдөр ярихад эрт байна.
Бэлтгэсэн: А.Амина