Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 379 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.
НИТХ-ын дарга С.Амарсайхан хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Нийслэл хотын ойн энэ өдөр нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлж, Монголын нууц товчоог залж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон билээ. Монгол Улсын хөгжлийн нүүр царай болсон нийслэлийн хөгжүүлэх их үйл хэрэгт нийслэлчүүдийн идэвх оролцоо юу юунаас чухал юм” гэж дурдлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бүх нийслэлчүүдээ нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ өдөр бол нийслэлчүүдийн баярын өдөр юм. Бид 2019 онд нийслэл хотынхоо 380 жилийн тэгш ойг тэмдэглэнэ. Энэ ойг хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтах ёстой. Ойд зориулсан олон бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа. Бидний тавьж буй зорилт бол Улаанбаатар хот хүн амьдрахад хамгийн таатай хот байх ёстой гэсэн зорилтыг дэвшүүлж байна. Энэ хотыг бий болгоход хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоо чухал. Бид бүхэн сайхан хотод, аз жаргалтай амьдрах учиртай. Тиймээс нийслэлийн удирдлагууд, төр захиргааны байгууллагууд нийслэлийнхээ иргэдтэй хамт сайхан хотыг бүтээн байгуулахын төлөө, сайхан бүхний төлөө зүтгэнэ” гэлээ.
Нийслэлийн сүлдэт хуурыг Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Батсайхан цэнгүүллээ. Нийслэл хотын ойн энэ түүхэн өдөр нийслэлийн Цагдаагийн газрын БЗД-ын цагдаагийн 2 дугаар хэлтсийн 6 албан хаагч гал голомтоо бадрааж хуримын ёслол хийж байгаад нийслэлийн удирдлагууд баяр хүргэлээ